Иргэний тээврийн онгоцыг “эндүүрэн сөнөөсөн” эмгэнэлт тохиолдлууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-01-15 14:43:16

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Тегеран-Киевийн чиглэлд нисэх гэж байсан Украины “Боинг-737” онгоц хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа осолдон сүйрч, 177 хүн амь үрэгдсэн билээ. Энэ эмгэнэлт явдал Ираны тал Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу пуужин харвасны дараахан болсон байна. Уг онгоцыг Ираны цэргийнхэн андууран сөнөөсөн болохыг тус улсын эрх баригчид осол болсноос хойш хэд хоногийн дараа хүлээн зөвшөөрлөө.


Үүнтэй төстэй аймшигт “эндүүрлүүд” өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд эдгээр нь тухайн онгоцуудыг тагнуулын онгоц хэмээн андууран устгасан тохиолдлууд юм. Хамгийн ихээр дуулиан тарьж байсан эмгэнэлт хэрэг явдлуудын талаар ВВС агентлагийн цахим хуудсанд бичсэнийг орчуулан хүргэе. 


1973 он: Египетийн нутагт Боинг-727 сүйрсэн нь 


Ливийн иргэний агаарын тээврийн Libyan Arab Airlines компанийн Boeing 727-224 нисэх онгоц Триполи - Бенгази - Каир - Александрия – Бахрейн чиглэлд нислэг үйлдэж яваад Египетийн Исмаилия хотын орчимд осолдон сүйрсэн байна. Ослын улмаас 100 зорчигч, нисэх багийн 8 гишүүн амь үрэгджээ. Ослоос 2-р нисгэгч болон 4 зорчигч амьд гарсан байна.  


Уг онгоц Каир хотын нисэх онгоцны буудалд газардах ёстой байсан боловч байрлал тогтоох төхөөрөмжинд алдаа гарсны улмаас чиглэлээсээ хазайж, буултын чиглэл заагч гэрлэн дохиог нисгэгчид олж харах боломжгүй болсон байна. “Боинг” онгоц тухайн үед израильчуудад эзлэгдээд байсан Синайн хойгийн агаарын орон зайд нэвтэрсэн байсныг радарууд илрүүлсэн даруйд Израилийн сөнөөгч онгоцууд амдан хөөрсөн ажээ

Израилийн нисгэгчид анхааруулах буудлага хийж, онгоц газардах ёстой гэдгийг ойлгуулахаар оролдсон боловч Ливийн онгоцны багийнхан уг сануулгыг буруу ойлгосон бололтой, нисэх буудалд дөхөж ирэнгүүтээ баруун зүгийг чиглэн ниссэн байна. Эл үйлдлийг нь Израилийн хяналтанд байгаа агаарын орон зайгаас гарах гэсэн оролдлого гэж үзсэн Израилийн цэргийн командлал “онгоцыг хэн нэгэн этгээд булаан барьцаалжээ” гэсэн дүгнэлт хийжээ. Ингээд сөнөөгч онгоцноос хэд хэдэн ээлж гал нээсэн байна. Ливийн онгоц цөлд ослын буулт хийж, элсэн манхныг мөргөн унажээ. Ослын улмаас 108 хүн амь үрэгдсэн бол 5 хүн, тэдний дотор 2-р нисгэгч ослоос амьд гарсан байна.  


2-р нисгэгч хожим нь “манай онгоц Синайн хойг дээгүүр нисч байна гэдгийг дайралт эхлэхээс хэдхэн минутын өмнө мэдсэн, гэхдээ Ливан, Израилийн харилцаа хурцадмал байсан учраас буулт хийгээгүй” гэж ярьжээ.


Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын гишүүн 30 улс Израиль улсыг зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргасан ба дараахан нь Израилийн эрх баригчид амиа алдсан зорчигчдын ар гэрт нөхөн төлбөр олгосон байна.


1978 он: Карелид унасан Boeing-707


1978 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Парис-Анкориж-Сөүлийн чиглэлд нисч байсан Korean Air компанийн нисэх онгоцыг Зөвлөлтийн сөнөөгч онгоц пуужингаар харван сөнөөжээ. Байршил тогтоох системд гарсан алдааны улмаас чиглэлээ өөрчилсөн уг онгоц ЗХУ-ын агаарын хилийг зөрчин Колийн хойг дээгүүр нисч байв. 


Зөвлөлтүүд Өмнөд Солонгосын онгоцыг эхэндээ тагнуулын онгоц гэж тодорхойлоод амдан сөнөөгч Су-15 онгоцыг илгээжээ. Сөнөөгч онгоцны нисгэгч “Боинг-707”-д дөхөж ирэнгүүтээ зорчигч тээврийн онгоц болохыг төв рүүгээ мэдэгдсэн боловч түүний үгэнд хэн ч итгээгүй төдийгүй онгоцыг устгах тушаал өгсөн байна. Ингээд Зөвлөлтийн сөнөөгч онгоцноос “агаар-агаар” ангиллын пуужин харваснаар Өмнөд Солонгосын онгоцны хөдөлгүүр болон далавч нь гэмтэж, Карели дахь Корпиярви нуурын мөсөн дээр ослын буулт хийхээс аргагүйд хүрчээ.  


Осолдсон онгоцны даргын өгсөн мэдүүлэгт дурдсанаар, Зөвлөлтийн амдан сөнөөгч нь зорчигч тээврийн онгоцонд баруун талаас нь ойртож ирсэн байна. Гэтэл Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын дүрмэнд зааснаар зүүн талаар нь дөхөж очих ёстой ажээ. Түүнээс гадна, онгоцны дарга Зөвлөлтийн сөнөөгч онгоцыг даган нисэхэд бэлэн гэдгээ ойлгуулахын тулд хурдаа хасч, байршил заагч гэрлээ асаасан байна. Харин Зөвлөлтийн талын мэдээллээр, нисэх багийнхан газраас өгсөн дуудлага болон буулт хийх дохионд хариу өгөөгүй байна.


Онгоцыг пуужингаар харвасны улмаас 2 зорчигч /Японы нэг, Өмнөд Солонгосын нэг иргэн/ амиа алджээ. Бусад 95 зорчигч болон нисэх багийн 12 гишүүнийг Карелийн Кемь хотод түр байлгасны дараа Хельсинки хотод хүргэжээ.


Хэрэг явдал болсноос хойш 9 хоногийн дараа онгоцны дарга, штурман хоёр ЗХУ-аас гарч явсан байна. Тухайн үед ТАСС агентлаг мэдээлж байсныг үзвэл, тэд Зөвлөлтийн агаарын хилийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдэд хандан өршөөл үзүүлэхийг хүсчээ. Харин нутагтаа очсоныхоо дараа нисгэгчид өршөөл гуйсан гэх яриаг үгүйсгэсэн байна. 


1983 он: Сахалины дээгүүр нисч явсан Боинг- 747-г сөнөөсөн нь


Нью-Йорк - Анкоридж – Сөүлийн чиглэлд нисч байсан Korean Air компанийн Боинг-747 нисэх онгоцыг Зөвлөлтийн агаарын орон зайд байхад нь пуужингаар харван сөнөөсний улмаас нисэх багийн 23 гишүүн, 246 зорчигч амь үрэгджээ.

Номхон далайн олон улсын усан орон зай дээгүүр нисэх ёстой байсан уг онгоц үл мэдэгдэх шалтгаанаар чиглэлээ өөрчилсөн байна. Энэ нь автомат жолоодлогыг буруу тохируулсантай холбоотой байсан гэж үздэг. Өмнөд Солонгосын онгоц Камчаткийг өнгөрөөд Сахалины арал дээгүүр нисч байх үед нь Зөвлөлтийн Су-15 сөнөөгч онгоц амдан ойртож ирсэн байна.


Энэ явдал шөнийн цагт болсон бөгөөд Боинг-ийн нисэх багийнхан сөнөөгч онгоцноос анхааруулан буудах үед ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй аж. Хожим нь сөнөөгч онгоцны нисгэгч дурсан ярихдаа “мөр гаргадаг сум тухайн үед надад байгаагүй учраас ердийн сумаар сануулга өгч буудсаныг нисэх багийнхан анзаараагүй байж болох талтай” гэжээ.


Ингээд командлалаас онгоцыг устгах тушаал өгөнгүүд сөнөөгч онгоцноос хоёр удаа пуужин харвасан байна. Зорчигч тээврийн онгоц Сахалинаас баруун зүгт, Япон тэнгис дэх Монерон арлын ойролцоо унаж сүйрчээ. Зорчигчид, нисэх багийн гишүүд бүгд амь үрэгдсэний дотор АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ларри Макдональд байв.


Хэрэг явдалтай холбогдуулан ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооноос гаргасан мэдэгдэлд “энэ бол Зөвлөлтийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн байлдааны бэлэн байдлыг тандахын тулд АНУ-ын зүгээс хийсэн санаатай өдөөн хатгалга мөн” гэжээ. Хариуд нь, Америкийн тал эрэн хайх-аврах ажиллагаанд саад учруулсан хэмээн ЗХУ-ыг буруутгасан байна. Энэхүү ноцтой будлиант хэрэг нь Хүйтэн дайны хамгийн эгзэгтэй үеүдийн нэг байсан бөгөөд ЗХУ болон барууны орнуудын харилцаа дахин хурцдахад хүргэсэн билээ. 


Хэрэг явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган хиймэл дагуулаас байршил тогтоох GPS системийг шинэчлэн сайжруулсны дараа иргэний зориулалтаар ашиглаж эхэлнэ гэдгийг мэдэгджээ. 


1988 онд: Персийн буланд унасан A300


Тегеран - Бендер - Аббас – Дубай чиглэлд нисэх ёстой байсан Iran Air компанийн Airbus A300 онгоц Бендер-Аббасаас хөөрснөөс хойш 7 минутын дараа Америкийн Vincennes пуужинт крейсер хөлөг онгоцноос харвасан пуужинд оногдон сүйрчээ. Персийн булан дээгүүр нисч байсан уг онгоцны зорчигч, нисэх багийн гишүүд болох 290 хүн бүгд амь үрэгдсэн байна. 


Аэробус”-ыг Ираны F-14 сөнөөгч онгоцтой андуурсан ба крейсер хөлөг онгоцны багийнхан Airbus A300-тай холбоо барих гэж 10 удаа оролдсон боловч хариу өгөөгүй гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ. Харин Иран тал Vincennes хөлөг онгоц зориуд санаатайгаар гал нээсэн гэж баталдаг ба Airbus A300 онгоцны багийнхан “иргэний агаарын тээврийн онгоц мөн” гэдгийг нь таньж болохуйц дохиог хэдэнтээ өгч байсан гэдэг. 

Энэ хэрэг явдалд хөлөг онгоцны ахмад Уильям Рожерсийг буруутгасан ширүүн шүүмжлэл АНУ даяар өрнөлөө. Ерөнхийлөгч Р.Рейган болсон явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн нот бичгийг Иранын засгийн газарт илгээсэн байна.

1996 онд хоёр тал осолдсон онгоцны асуудлаар НҮБ-ын Олон улсын шүүхийн хүрээнд зөвшилцөлд хүрчээ. Хууль эрхзүйн хувьд ямар нэгэн хариуцлага хүлээхээс татгалзаж байсан Америкийн тал амьд үрэгдэгсдийн ар гэрийнхэнд 61,8 сая долларын нөхөн төлбөр олгохыг зөвшөөрөв.

2000 онд онгоцны сүйрлийн тухай Би-Би-Си агентлагийн хийсэн баримтат кинонд тавьсан асуултад АНУ-ын засгийн газар бичгээр хариу өгснийг үзвэл, “үйлдлийн хувилбарыг гүйцэтгэх” гэж нэрлэдэг сэтгэл зүйн байдлаас шалтгаалан дээрх хэрэг явдал гарсан бололтой. Хүмүүс дарамт шахалтанд орсон үедээ сэтгэл зүйн ийм байдалд ордог байна. Эл тохиолдолд хөлөг онгоцны багийнхан сургуулилтын хувилбарыг бодит байдал гэж үнэлээд, тухайн үйлдэлд харшилж буй аливаа мэдээллийг үл хайхарсан бололтой. A300-г сөнөөсөн уг тохиолдол нь “байлдааны онгоц довтоллоо” гэсэн хувилбартай холбоотой байсан гэдэг.   


2001 он: Хар тэнгис дээгүүр нисч байсан Ту-154


2001 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Тель-Авиваас Новосибирскт буух ёстой байсан “Сибирь” компанийн Ту-154 онгоц хөөрснөөсөө хойш 1 цаг 45 минутын дараа Хар тэнгист осолдон унасан байна. Нисэх онгоцонд байсан 78 хүн бүгд амь үрэгдсэний ихэнх нь Израилийн иргэд байлаа.


Улс хоорондын агаарын тээврийн зөвлөлийн /МАК/ хийсэн дүгнэлтээр, Крымын хойгт болж байсан цэргийн сургуулилтын үеэр Украины агаарын довтолгооноос хамгаалах С-200 цогцолборын зенитийн пуужингаар уг онгоцыг зориуд харван сөнөөсөн байна.


АНУ-д болсон 9 дүгээр сарын 11-ний хэрэг явдлын дараахан онгоцыг сөнөөсөн учраас террорист халдлага байж магадгүй гэж үзэж байлаа. Пуужингийн нислэгийн чиглэл болон тусгал нь онгоц дэлбэрч сүйрсэн тэрхүү орон зайн байршилтай огт дүйцэхгүй байна гэж Украины цэргийнхэн мэдэгдэж байсан боловч хэдхэн хоногийн дараа Украины тал онгоц сүйрсэнд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.  Украины Батлан хамгаалахын сайд Александр Кузьмук амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүссэн байна.


МАК-ийн хийсэн дүгнэлтээр, Украины агаарын довтолгооны хамгаалах анги нэгтгэлүүдийн сургуулилт болж байсан Феодосиягийн районы орчмоос харвасан пуужин Ту-154 онгоцны их биеэс дээш 15 м-ийн өндөрт дэлбэрчээ. 

2003 онд Украин улс Орос болон Израилийн талтай гэрээ байгуулж, онгоцны сүйрлээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр олгохоор тохиролцсоны дагуу амиа алдсан хүн бүрийн ар гэрт 200 мянган доллар олгосон байна.


Гэсэн хэдий ч Украины тал хууль эрхзүйн талаас буруутай гэдгээ одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Украины шат шатны шүүхүүд “Сибирь” компанид нөхөн төлбөр олгохоос татгалзсаар иржээ. Тус компани Европын хүний эрхийн шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн боловч одоогоор хандаагүй байна.


2014 он: Украины зүүн нутагт унасан Малайзын Боинг- 777


Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд MH17 дугаартай нислэг үйлдэж байсан Malaysia Airlines компанийн Боинг-777 онгоц Украины зүүн нутагт осолдон сүйрч, 298 хүн амиа алдсаны ихэнх нь Нидерландын иргэд байжээ.


Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байсан Нидерландын Аюулгүй байдлын зөвлөлийн тусгай комиссоос 2015 оны 10 дугаар сарын 13-нд гаргасан тайланд “зенитийн пуужингийн “Бук” цогцолбороос харвасан “газар-агаар” ангиллын пуужингаар Боинг-777 онгоцыг сөнөөсөн” болохыг дурджээ.  Уг “Бук” цогцолборыг Оросоос Украины зүүн нутаг дахь зэвсэгт мөргөлдөөн болж буй газарт авчирсан гэх дүгнэлтийг тусгай комисс хийсэн байна. 

2018 оны 5 дугаар сард Мөрдөн шалгах хамтарсан бүлгээс /JIT/ гаргасан тайланд “онгоц руу харвасан пуужинг Курск хотын ойролцоо байрладаг Оросын цэргийн ангиас авчирсан байж болзошгүй” гэж дурджээ. Улмаар 2019 оны 6 дугаар сарын 19-нд “Бук” цогцолбороос пуужин харвасан үйлдэлд сэжиглэгдэж буй 4 хүний нэрийг ил болгосон байна. Эдгээр хүмүүс бол Оросын армийн Тагнуулын ерөнхий газрын чөлөөнд байгаа офицер Сергей Дубинский, Оросын Агаарын десантын цэргийн бэлтгэл дэд хурандаа Олег Пулатов, Донецкийн БНУ-ын цэргийн тагнуулын ангийн захирагч, Украины иргэн Леонид Харченко, Донбасст байлдаж байсан Оросын иргэн Игорь Гиркин нар юм. Эдгээр 4 хүнийг олон улсад эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэргийг нь Нидерландын шүүхэд шилжүүлсэн байна. Эхний шүүх хурлыг 2020 оны 3 дугаар сарын 9-нд хийхээр товложээ.


Харин “Боинг” онгоц сүйрсэн хэрэг явдалд холбоотой гэдгээ Орос улс эрс няцааж байна. Оросын талыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулаагүй учраас мөрдөн шалгалтын дүнд итгэх ямар ч үндэслэл байхгүй гэж Кремль мэдэгдэж байгаа бол Malaysia Airlines компанийн онгоцыг сөнөөсөн пуужин нь Украины цэргийн ангийн зэвсэглэлд байсан гэж Оросын Батлан хамгаалах яам баталж байна.


Б.Адъяахүү  

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-51064990

Холбоотой мэдээ