Хацү башё 5 дахь өдрийн барилдаанаас Их аваргагүй үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-16 17:12:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Токио хотноо болж байгаа Хацү башёгийн 5 дахь өдрөөс 71 дэх Их аварга  Какүрюү М.Ананд барилдаанаас гарснаар энэ башё Их аваргагүй үргэлжлэхээр болов.


Хоёр башё дараалан гэмтлийн улмаас өнжөөд байсан Какүрюү аварга ийнхүү гурав дахь тэмцээнээ дараалан алгаслаа. Тэрбээр башёгийн эхний өдрийг унаж эхлүүлээд, дараа өдөр нь Абиг давсан ч хоёр өдөр дараалан унаж, кинбоши алдсан юм. Өнөөдөр Какүрюүтэй барилдах байсан Митакэүми сул даваа авна.


Энэ башёгийн гурав дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнийг орхисон билээ. Энэ өдрийн барилдаанд Токушорюү-тай учраа таарсан Акүмарюү С.Тодбилэг түүнд унаснаар 3 даваа, 2 унаатай болж, Токушорюү 4 даваатай боллоо.


Кирибаяама Б.Лхагвасүрэн, Шиманоүмиг давж 3 даваа, 2 унаатай байна. Гурван даваатай явсан Асанояама өчигдөр Абид унасан бол өнөөдөр Эндод ойчиж 2 унаатай болж тэргүүлэгчдийн байрнаас ухарлаа.

 

Холбоотой мэдээ