Г.Хонгороо: “Сариг тэх” наадгайг зөвхөн ардын дуу, магтаалаар тоглодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-17 09:59:00

Ховд /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийг сэргээн хөгжүүлж, икэл хөгжмийн гайхамшигт таталгаар түмнээ цэнгүүлсэн өв тээгчдийн нэг бол Гэлэгийн Хонгороо юм. Тэрбээр икэлийн эгшиглэнт нарийн чавхдас, давтагдашгүй аялгуугаар дамжуулан “Сариг тэх” наадгай тоглож байгаагаараа онцлогтой.

Энэхүү ховордсон соёлын биет бус өв болох “Сариг тэх” монгол наадгайн үүсэл, онцлогийн талаар түүнтэй ярилцлаа. 


Ховд аймгийн соёлын биет бус өв тээгч, ахмад уран бүтээлч Г.Хонгороо нь өдгөө 69 настай.

Өнгөрсөн оны 6 дугаар сард "Азийн Ардын урлагийн их наадам-2019"-д амжилттай оролцож, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргажээ.

Г.Хонгороо хэлэхдээ: “Сариг тэх” наадгай Ховд аймгийн Алтай сумаас үүсэлтэй. Алтай сумын иргэн Я.Дорж анх модоор сийлж хийсэн. Тэр икэл хөгжмөөр сариг тэхийг тоглодог байсан түүхтэй.

Икэлийн таталгаар тоглодог сариг тэх наадгай нэлээд хэдэн жил мартагдаж буй.

Харин 1960 оны үед миний ээж Н.Бондоо икэл хөгжмөөр сариг тэх тоглох аргыг өвлөн авчээ. Улмаар би 13 настай байхдаа икэл хөгжим тоглож сурсан. Бага наснаас икэл хөгжмөөр сариг тэх тоглохыг харж, сонирхон суралцсан учраас мартагдаж буй өв соёлыг язгуур утгаар нь сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьж явна.

Энэ наадгай бол ууланд амьдарч буй ан амьтантай гэрээсээ хөгжмөөр холбогдож, амьтныг хайрлах, бишрэн шүтэх монгол сэтгэлгээг илэрхийлж, өвлүүлж байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн сариг тэх наадгайг зөвхөн ардын дуу, магтаалын аялгуугаар тоглодог уламжлалтай.  

Би сариг тэх наадгайг сийлбэрчин хүнд захиалга өгч хийлгэж, 2015 онд “Хөхөө намжил” морин хуурийн наадмын үеэр анх удаа олон нийтэд нээлттэй тоглож сонирхуулсан. Тухайн үед хүмүүс анзаараагүй.

Дараа нь Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлч Б.Хүрэлбаатар надад нэгэн сариг тэх наадгай бэлэглэсэн юм. Түүнээс хойш би ардын урлагийн олон наадамд оролцож байсан.

"Азийн Ардын урлагийн их наадам-2019"-д оролцож, ховордсон соёлын биет бус өвийг сэргээж, икэл хөгжмөөр сариг тэх тоглуулах гэсэн онцлох төрлөөр шалгарч, Ховд аймгийнхаа нэрийг гаргасандаа маш их баяртай байна.

Цаашид 2-3 ширхэг сариг тэх наадгай сийлүүлж, ач зээ нартаа өвлүүлэн сургахаар зорьж байна гэв.  

Холбоотой мэдээ