Ажлын байран дахь зөрчлийн мэдээллийг “Мэдээллийн хаалгач” -аар хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-19 21:40:29
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н зөвлөл болон хэлтсээс хамтран зохион байгуулсан “ХАБЭА ба ажилтны оролцоо 2020” бага хурал боллоо.  

Цех, нэгжийн төлөөлөл бүхий 450-аад ажилтан оролцсон тус хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн оны ажлаа дүгнэх, ажиллагсдынхаа санал бодлыг сонсох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлоход чиглэсэн юм.

Эрдэнэт үйлдвэр 1978-1998 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартгүй байсан бол 1998-2007 онд Хөдөлмөр хамгааллын удирдлагын систем, 2007-2018 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 стандартыг тус тус нэвтрүүлж, 2020 онд ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Өнгөрсөн онд тус хэлтэс ХАБЭА-н дүрэм журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд 22 журмыг хянан шинэчилж, ажилтны манлайлал, оролцоог нэмэгдүүлснээр 5527 ажилтан бүтээлч санаачилга гарган ажилласан байна. “Мэдээллийн хаалгач” аппликейшны хэрэглээг хэвшүүлснээр ажлын байран дахь зөрчлийн талаар тухай бүрд мэдээлэл хүлээн авч, ажилчдын оролцоотой 140 орчим аюул ослыг илрүүлэн ажиллажээ. Түүнчлэн үйлдвэрийн газрын ХАБЭА-н ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2019 онд амжилттай зохион байгуулж, 122 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 9050 ажилтныг хамруулсан байна. Аврах ажиллагааны “Алтан бамбай 2019”, “Safety first” тэмцээнийг жил тутам зохион байгуулснаар үйлдвэрийн ажиллагсдыг идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц өгч байгаа талаар тайлан мэдээлэлд онцоллоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд уурхайчдыг татан оролцуулах олон ажлыг энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ