Амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-20 16:03:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурч, өнөөдрөөс аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа эхэлж байна. Тархалт буурсан хэдий ч өвчилсөн хүүхдүүдийн хүндрэл хэвээр, өвчлөл дахих дэгдэх эрсдэл бийг харгалзан холбогдох албаныхнаас нийт эцэг, эхчүүдэд анхааруулга хүргүүллээ.
Хүүхэд багачууд, эцэг эх асран хамгаалагчид амны хаалтыг тогтмол зүүж, өөрийгөө болон бусдыг хамгаалах, гэрийн нөхцөлд содатай ус, давсны уусмалаар ам хоолойгоо зайлах зэргийг хэвшүүлж томуугаас сэргийлэхийг уриалав. Томуу, томуу төст өвчний вирус нь ханиах, найтаах үед агаар дуслын замаар дамждаг тул гараа тогтмол угаах нь мөн эрсдэлээс сэргийлэх хүчин зүйл болохыг хэлж байна.
Мөн хүүхэддээ тавих анхаарал халамжаа илүү сайжруулах, томуугаар өвчилсөн тохиолдолд сургууль, цэцэрлэгт өгөхгүй эмнэлэгт шуурхай хандах нь бусдад өвчлөл тархаахгүй байх алхам гэдгийг санууллаа. Түүнээс гадна хүүхдээ өвчилсөн тохиолдолд дур мэдэн эм өгөхгүй эмчийн заавраар эмчлэх, халуун бүлээн шингэн сайн уулгаж, шим тэжээллэг хоол хүнсээр ердийн үеэсээ илүү хооллохыг зөвлөлөө.
Хүйтний улирал дуустал бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гэрийн нөхцөлд дотоод орчны дулаанд тохируулан хувцаслах, биеийн дархлааг дэмжих зэргээр анхаарал халамжаа өндөр байлгахыг нийт эцэг эхчүүдэд мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн юм.
Холбоотой мэдээ