Кембриджийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-21 10:06:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн удирдлагатай уулзаж, Кембриджийн хөтөлбөртэй ЕБС-иудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хөдөө орон нутгийн бүсийн төв, зарим аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийг Кембриджийн хөтөлбөртэй болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежмент, суралцагч, багш, байгууллагын үнэлгээний тогтолцоо, төрөл, хэлбэрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх асуудлыг судалж үзэхийг хүсэв.

Мөн Кембриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа ерөнхий боловсролын төрийн өмчийн гурван сургуулийн багш нарыг Кембриджийн Олон улсын шалгалтын төвд мэргэжил дээшлүүлэх, чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах саналыг тавилаа.

Багш нарын чадавх бэхжүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын 40 лаборатори сургуулийн англи хэлний багш нарыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад мэргэшүүлэх, англи хэлний чадварыг дээшлүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Кембриджийн Олон улсын шалгалтын төв Монгол Улстай 2012 оноос хойш хамтран ажиллаж, манай улсын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрийг Кембриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх 13 удаагийн сургалтад үнэлгээний төвийн мэргэжилтнүүдийг хамруулж, 10000 гаруй багш, удирдлагад түгээн дэлгэрүүлж ирсэн юм.


Холбоотой мэдээ