Шанхай хотод коронавирусний хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-22 22:27:31

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Ухань хотод тархаад буй шинэ төрлийн коронавирусний уушгины хатгалгаа өвчний хоёр дахь тохиолдол Шанхай хотод бүртгэгдлээ.

Тус өвчтөн өмнө нь Ухань хот руу зорчсон байна. Ийнхүү Шанхай хотод коронавирусний халдвар болох нь тогтоогдсон хоёр тохиолдол гараад байгаа бөгөөд үүнээс гадна сэжиг бүхий дөрвөн хүнийг хяналтад авчээ.

Мөн Хятадын Сичуань муж болон Шаньдун мужийн Чиндао хотод сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

Шанхай хотын Эрүүл мэндийн хорооны мэдээллээр тус хотод бүртгэгдсэн хоёр дахь өвчтөн нь 35 настай, Шанхай хотын уугуул иргэн бөгөөд тэрээр 1-р сарын 8-ны өдөр Ухань хот руу яваад 11-ний өдөр буцаж ирсэн даруйдаа халуурах, ханиалгах, нус гоожих зэрэг өвчний шинж тэмдэгүүд илэрчээ. Улмаар 16-ны өдөр халуурч эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор тус өвчтөн хэвийн халуунтай, биеийн байдал нь тогтвортой байгаа юм байна.

Түүнээс гадна өчигдөр /20-ны өдөр/ Шаньдун мужийн Чиндао хотод Ухань хотоос ирсэн нэгэн хүнд коронавирусний халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ. Одоогоор тус иргэнийг эмнэлэгт тусгаарлан эмчилгээ хийж байгаа бөгөөд түүнтэй ойр, харилцаатай байсан иргэдийг эмнэлгийн хяналтад аваад байна.

Мөн Сичуань мужид коронавирусний халдвар авсан байж болзошгүй тохиолдол илэрсэн тухай мужийн Эрүүл мэндийн хорооноос өчигдөр мэдээлжээ. Тус иргэн нь мөн л Ухань хотоос иржээ. Өвчтөнөөс авсан сорьцыг Хятадын Өвчин, эмгэг судлалын төвд шинжлүүлж байгаа аж.

 

Холбоотой мэдээ