Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 64 аж ахуйн нэгж бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-22 14:31:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй 64 аж ахуйн нэгж ажиллаж байна. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт өсөхөөр байгаа аж. Гэвч дээрх хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардпага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчлах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсзн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай болжээ. Тиймээс Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулан 2018 оны 12 дугаар сард өргөн мэдүүлсэн юм.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас зарчмын зөрүүтэй долоо, найруулгын хоёр санал ирүүлснийг байнгын хорооны гишүүд дэмжив. Тухайлбал, төслийн 15.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 15.2.2-т заасан байгууллага нь хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 10.1 дэх хэсгийг “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах дахь аюулгүй ажиллагааг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.


Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй юм.

Холбоотой мэдээ