ЭМЯ: Шинэ төрлийн коронавирусний халдвар манай оронд тархах эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-22 15:25:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д анх гарснаас хойш дэлхийн зарим оронд тархаад буй шинэ төрлийн коронавирусний халдварын талаар ЭМЯ-наас өнөөдөр хэвлэлийн хурал хийв.


Өнөөдрийн байдлаар дэлхийн зарим улс оронд шинэ төрлийн коронавирусний халдвараар 282  хүн өвчилж, 6 хүн нас барсан бол Тайланд, Япон, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас  албан ёсоор мэдээлжээ.  Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга С.Нарангэрэл ярихдаа, “Короновирусний халдвар ахуйн хавьтлаар дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжсан тохиолдол бүртгэгдлээ. Манай орны хувьд томуугийн буюу амьсгалын замын өвчлөл их байгаа тул шинэ төрлийн коронавирусний халдвар тархах эрсдэлтэй. Шинэ өвчин тул одоогоор вакцин гараагүй байна. Эм тарианы хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа. ДЭМБ-аас өчигдөр гишүүн орнууддаа лабораторийн үнэлгээ хийх асуумж ирүүлсэн. Үүний дагуу ДЭМБ энэхүү өвчинд тохирсон арга хэмжээг авна гэсэн мэдээлэлтэй байна. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул нэлээн эрсдэлтэй. Тиймээс халдвар гарсан бүс нутагт онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулж байна” гэв.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордициа, “ДЭМБ, ЭМЯ-тай хамтран ажиллаж байна. Мөн БНХАУ-ын  эрүүл мэндийн байгууллага шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулж,  бүх мэдээллийг өгч, бусад оронтой хамтарч ажиллаж байгааг ДЭМБ үнэлж байгаа. Шинэ төрлийн вирус учраас ДЭМБ өдөр бүр оношлуур, хариу арга хэмжээний талаар мэдээлж, зөвлөмж өгч байгаа” гэв.

ЭМЯ-наас БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэж байгаа аж. Мөн энэ сарын 10-наас БНХАУ, Хонконгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй 6 хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан, онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусний халдварыг үгүйсгэжээ. 

Түүнчлэн ГХЯ, БОАЖЯ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ