УИХ-ын тогтоол болон шинээр гарсан хуулиудыг нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-22 08:16:12

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Авлигатай тэмцэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол болон болон бусад хэд хэдэн хууль, тогтоолуудыг нийтэлж, хүчин төгөлдөр болгожээ. 

Эмхэтгэлд мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах талаар тусгасан "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. 

Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор баталсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг шинэчлэлийг нийтэлжээ. Энэ журмын зорилго нь шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоож, уг цахим хуудсанд мэдээлэл тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж. Энэ тогтоолд зааснаар, байгууллага бүр өөрийн цахим хуудсанд шилэн дансны цэстэй байх бөгөөд шилэн дансны цэс нь хэдэн дэд цэстэй байх, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээд, үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, түүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллага ямар хугацаанд ямар мэдээллийг нийтэд мэдээлэх зэргийг нарийн журамлажээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ