Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-22 18:15:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 


Төслийн талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг, УИХ дахь намын бүлэг,  зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль, тогтоомжийн санал ирүүлсэн байна.


Уг тогтоолын төсөлд дурдсанаар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд,


1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;


2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;


3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;


4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 


7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;


8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;


9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;


10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;


11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;


12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;


13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;


14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;


15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;


16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 


17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


18/Бусад.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, батлуулах нь зүйтэй гэсан саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Холбоотой мэдээ