“Хариуцлагатай тогтвортой нийгэм” төслийн сургалт боллоо

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2020-01-23 12:12:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ, “Дани Монголын нийгэмлэг”-ээс хэрэгжүүлж буй “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн хүрээнд зохион байгуулах Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл” гурав дахь сургалт Сайнцагаан суманд боллоо. Сургалтад 16 бизнес эрхлэгч, шинээр бизнес эрхлэх сонирхолтой иргэд оролцсон байна.

Энэхүү төсөл нь есөн аймгийн 11 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд зорилтот сум, дүүрэгтээ ОУХБ-ын 26 сургагч багшийг бэлтгэж, багш нараараа дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ОУХБ-ын “Бизнесээ эхэл” сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтад оролцогчид нь “хөгжлийн бүлэг” болж, цаашдаа хариуцлагатай, тогтвортой нийгмийг байгуулахад бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллан, үр дүнд хүрэх ёстой аж.

Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ эхлэх, хөгжүүлэхэд шаардлагатай гарааны хөрөнгөө олоход бизнесийн төсөл буюу ТЭЗҮ боловсруулах шаардлага, хэрэгцээ гардаг. Гэхдээ хөдөө орон нутагт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ийм мэдлэг чадвар дутдаг учраас төсөл бичдэг хэн нэгэн хүнд мөнгө өгч төслөө бичүүлдэг боловч төсөл нь шалгараагүй тохиолдолд хохирч үлдэх тохиолдол цөөнгүй.

Энэ нь бизнес эрхлэгчдийг улам чадваргүй болгож байгаа буруу хандлага. Тиймээс энэ буруу хандлагыг халж, бизнес эрхлэгчид өөрөө төслөө боловсруулж, хамгаалах чадвар эзэмших бизнесийн энэ соёлыг түгээх нь энэ төслийн зорилт юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн бэлтгэгдсэн сургагч багш нараараа дамжуулан сургалтад оролцогчиддоо ТЭЗҮ боловсруулах мэдлэг олгож, чадвар болгон суулгаж өгдөг онцлогтой.

Бизнес эрхлэгчид үйлдвэрлэж байгаа буюу зарж борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ өөрийн өртгийг тооцож, борлуулалт зардлын төлөвлөгөөг өөрийн бизнес дээрээ хийж, ТЭЗҮ-ийн ач холбогдол, агуулгыг ойлгож, түүний дагуу төслөө бичиж сурдаг нь сургалтын давуу тал юм. 

Холбоотой мэдээ