“Ятгах тусам нягтал” нөлөөллийн аянд Дундговийнхон нэгдлээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-23 15:56:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол банк, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба хамтран “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлж, энэхүү аянд Дундговь аймгийн байгууллагууд, иргэд нэгдэж байна.  

Энэхүү аян нь иргэд, олон нийтийг санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд аймгийн Цагдаагийн газраас олон нийтэд хандан урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэж, олон нийтийг хамарсан нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ажээ.

"Ятгах тусам нягтал" нөлөөллийн энэ аянд Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд, аймгийн ЗДТГ, БСУСГ, багш нар, Мандал сургуулийн сурагчид, бизнес эрхлэгчид, такси үйлчилгээний жолооч нар, Номын сан, МХГ гээд маш олон байгууллага нэгдсэн байна.

Цагдаагийн газраас гаргасан мэдээгээр Дундговь аймгийн хэмжээнд залилангийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн бөгөөд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 8.1 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа юм.

Хүн амын дунд цахим хэрэглээ ихсэх хирээр энэ төрлийн залилангийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цахим орчинд өөрийн мэдээллээ алдахаас сэрэмжлэх, хэн нэгэн таньдаг хүнийх нь хаягнаас мөнгө гуйсан утга бүхий зурвас очвол эргэж, нягталж, асууж байх, виз мэдүүлэх бол заавал баталгаатай, албан ёсны эрх бүхий байгууллагад хандаж байхыг Цагдаагийн газрын ажилтнууд сануулж байна.

Холбоотой мэдээ