АЕПТ нь парламент хоорондын хамтын ажиллагааг дэмждэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-22 12:42:43

Ази, Европын парламентын түншлэлийн /АЕПТ/ 9 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо эхлээд байна. Энэ хүрээнд хоёр тивийн парламентын түншлэлийн ач холбогдол агуулга болон түүхээс товч танилцуулж байна.

АЕПТ-ийн уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны чухал бүтэц юм. АЕПТ-ийн уулзалт нь 2 жил тутамд Ази, Европын орнуудад АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын өмнө зохион байгуулагддаг. Энэхүү уулзалт нь өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагддаг.
АЕПТ-ийн уулзалт Ази болон Европын орнуудын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжин өргөжүүлж, АСЕМ-ын үйл ажиллагаанд парламентын оролцоо, гүйцэтгэх үүрэг, боломж бололцоог онцолдог юм.
АЕПТ-ийн 5 дугаар уулзалт 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо, 6 дугаар уулзалт 2010 онд Бельгийн Вант Улсын Брюссель хотноо болж байсан бол 7 дугаар уулзалт Лаос Улсын Вьентьян хотод 2012 оны 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн төлөө Ази, Европын Парламентчдын хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулагдаж 30 гаруй гишүүн орнууд оролцжээ. Үүний дараагийн 8 дугаар уулзалт Итали улсын Ром хотод 2014 оны 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд “Ази-Европын түнш орнуудын харилцаа, тогтвортой хөгжил болон засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд Парламентын гүйцэтгэх үүрэг” сэдэвтэй зохион байгуулагдаж 40 гишүүн орны төлөөлөгчид оролцож байсан юм. Тус уулзалт “Эдийн засаг ба төрийн санхүүгийн бүтэц”, “Тогтвортой хөгжил ба хүнсний аюулгүй байдал” гэсэн 2 асуудлаар хуралджээ. Энэхүү уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Р.Амаржаргал АЕПТ-ийн 8 дугаар уулзалт дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс барааны чөлөөт урсгал, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, тээврийн дэд бүтэц, хилийн боомтуудын саад бэрхшээлийг багасгах зорилготой хууль тогтоомж болон дүрэм журмыг нэвтрүүлэхийг дэмжинэ” гэдгээ илэрхийлж, Ази болон Европын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр тивийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын оролцоо, боломжийг онцлон, 2016 онд АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Монгол Улсын саналыг дэмжих хүсэлтийг гаргасан байна.

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалт нь АСЕМ-ын хүрээнд Монгол Улсад зохиогдох эхний арга хэмжээ болж буй бөгөөд  үүгтй дараа найман арга хэмжээ, уулзалт, чуулган зохион байгуулахаар товлоод байгаа юм.  
Үүнд:
1.    Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт /2016.04.21-22/
2.    АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт /2016.05.12-13/
3.    АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт /2016.06.09-10/
4.    Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт /2016.06.20-21/
5.    Ази-Европын ард түмний 11 дүгээр чуулга уулзалт /2016.07.04-06/
6.    АСЕМ-ын Загвар чуулган 2016 /2016.07.06-10/
7.    Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт /2016.07.07-08/
8.    АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт /2016.07.12-14/
9.    Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт /2016.07.13-14/ тус тус болно.

Н.Туяа

Холбоотой мэдээ