“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголыг төлөөлөх босгыг өндөрсгөв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-29 13:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар хэлэлцлээ.


Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны захирамжаар байгуулсан ажлын баг 2020 оны 1 дүгээр сарын 23-нд анхдугаар хуралдаанаа хийж, Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулах юм.


Ташрамд дурдахад, 2010 оны тавдугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ