Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг теле хэлбэрээр явууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-29 23:28:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаар онцгой тохиолдол үүссэн үед аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв зэрэг газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд хэрхэн ямар зохион байгуулалттай ажиллах талаар заавар зөвлөмж өглөө.

Мөн хуралдаанаар боловсрол, соёл урлаг, цагдаа, хил, гааль, худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгаалалтын зохион байгуулалтуудыг хэрхэн баримталж ажиллах талаар боловсруулсан албан даалгаврыг байгууллага, ААН-үүдэд хэрхэн хүргүүлэх талаар үүрэг чиглэл өгчээ.

Тус аймгийн хувьд Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох болон олон нийтийг хамарсан ажлыг хориглосонтой холбогдуулан аймгийн Онцгой комиссыг 27-ны өдөр хуралдуулж, дээрх тогтоол шийдвэрийг хэрхэн биелүүлж ажиллах талаар ярилцсан бол 28-ны өдөр хуралдаж, бүх сумын Онцгой комиссын дарга нарыг оролцуулсан өргөтгөсөн теле хурлыг зохион байгууллаа.

Тухайлбал үүссэн нөхцөл байдал цаашид хүндэрсэн тохиолдолд хэрхэн зохион байгуулалтад орж ажиллах талаар тодорхой ярилцаж санал бодлоо солилцлоо. Мөн шаардлагатай үед аймгийн онцгой комиссыг дахин хуралдуулж тодорхой шаардлагатай хөрөнгийг шийдүүлэх аж. Мөн аймгийн онцгой комиссын гишүүд хариуцсан салбар чиглэл бүрдээ хэрхэн ямар зохион байгуулалттай мэдээлэл хүргэх, цаашид хэрхэн ажиллах талаараа ярилцлаа. Түүнчлэн улирлын томуугийн дэгдэлт ихтэй байгаа энэ үед аймгийн хэмжээний мэдээллийг сонсож, танилцлаа.  

Холбоотой мэдээ