Улаанбаатарт болох “Ногоон наадам"-ын тухай Будапешт хотод танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-31 14:41:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны 83 дугаар Их хурал хоёрдугаар сарын 3-6-нд Унгарын нийслэл Будапешт хотноо болно.


Энэ удаагийн хуралд 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцон тус наадмын талаар бүрэн хэмжээний илтгэл тавих юм байна.


Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх спортын сэтгүүлчид, олон улсын спортын холбоодын удирдлага, гишүүдийн сонорт Монгол Улсад зохион байгуулах дэлхийн спорт наадмын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол орныг сурталчлах сайхан боломжийг олгох аж.



НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг 2012 онд баталсан. Уг хөтөлбөр нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүргэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Улаанбаатарт болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын уриа, зорилго нь уг баримт бичгийн тулгуур зарчимд суурилсан байхыг зохион байгуулагчид нь онцолж байна.


Монгол Улсад анх удаа зохион байгуулах тус наадамд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулах Улаанбаатар хотод шинээр хөлбөмбөгийн талбай, усан бассейн, мөсөн өргөө зэрэг цөөнгүй спортын барилга байгууламж барьж байгаа юм.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиү жицү, байт харваа, хөнгөн атлетик, шатар, спорт авиралт, усанд сэлэлт, крикет, цахим спорт, хөлбөмбөг, буудлага спорт, ширээний теннис, таеквондо, туялзуур сэлэм, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд паралимп, тусгай олимп, дифлимпын уралдаан, тэмцээн наадмуудыг нэг дор болно.



Ташрамд дуулгахад, Их хурлын үеэр спортын сэтгүүлзүйн шилдэг бичлэг, нийтлэл, видео болон гэрэл зургийн бүтээлүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards” шагнал гардуулах ёслол болох юм. Гэрэл зургийн “AIPS Sport Media Awards”-д Монгол Улсын спортын сэтгүүлч Чулуунбаатарын Ганбатын бүтээл шилдгийн шилдэг гуравт багтсан бөгөөд тэрбээр шагналаа гардахаар Будапешт хотыг зорьсон юм.


Дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчны 1746 бүтээл энэ оны шалгаруулалтад өрсөлдөхөд Ч.Ганбатын бүтээл ийнхүү шалгарчээ. 2020 оны хоёрдугаар сарын 3-6-нд Унгарын Будапешт хотноо болох тус хурлын үеэр шалгарсан гурван бүтээлийг байр эзлүүлж шагнал гардуулна.

Холбоотой мэдээ