Анхдагч баталгаажилтын аудитын баг Ховдод ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-04 17:25:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлж байна.

Тус стандартыг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, олон улсын менежментийн тогтолцооны шаардлага хангасан үйл ажиллагаа явуулах зорилгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд “Чанарын удирдлагын баг” ажиллуулсан байна. 

Үүнтэй холбогдуулан уг стандартын хэрэгжилтийн түвшинг тодорхойлох үүднээс “Монсертф” ХХК-ийн Анхдагч баталгаажилтын аудитын баг Ховд аймагт ажиллав.

Тус аудитын баг  01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж,  чанарын удирдлагын MNS ISO 9001:2016 стандартын хэрэгжилтийн түвшинг тодорхойлжээ.

Энэ ажлын дүгнэлт, тайланг танилцуулах уулзалт энэ сарын 3-нд болж, тус багийн гишүүд аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад зориулан цаашид үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх шаардлагатай санал, зөвлөмж өгсөн байна. 

Энэ үеэр аудитын багийн ахлагч П.Цэцэгмаа хэлэхдээ: Ховд аймгийн ЗДТГ тус стандартыг амжилттай хэрэгжүүлсэн гэж үзсэн бөгөөд баталгаажуулалтын зөвлөлийн хуралд гэрчилгээ олгох санал хүргүүлнэ гэлээ.  

Уг стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог шаардлагын дагуу бий болгох, удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгох боломж бүрддэг. Мөн цаашид иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй, хүнд сурталгүй болох давуу талтай гэж албаныхан үзэж байна. 

Холбоотой мэдээ