Барилгын дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-06 17:10:11

Архангай /МОНЦАМЭ/. Жэрэс ОУТББ нь Архангай аймгийн ЗДТГ, аймгийн Барилгачдын холбоо, Даацтай хөгжлийн ирээдүй ТББ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагатай хамтран CEMAATERR-II төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэхээр эхлүүлжээ.

Энэ төсөл нь боловсролын байгууллагуудын барилгын дулаан алдагдлыг бууруулах замаар сургууль, цэцэрлэгийн суралцах орчныг сайжруулж, өдөр тутмын урсгал зардлыг багасгахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Төслөөр дамжуулан Архангай аймгийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилттой аж. Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран "Орон нутгийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр"-ийг Архангай аймагт хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.

Мөн Европын холбоо, Ража Даниел Марковичи сангийн санхүүжилтээр Жэрэс, Монголын эмэгтэйчүүдийн сан зэрэг төрийн бус байгууллагууд Архангай, Хэнтий аймагт нутгийн иргэдийн оролцоог дэмжсэн, тогтвортой ХАА, эдийн засгийг хөгжүүлж сурталчлах гурван жилийн хугацаатай IMPACT төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүд, үйлдвэрлэлийн дэвшилтэт дадал туршлагыг нэвтрүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэйгээр байгалийн нөөцийг ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн орон нутгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих. Үүнд: тогтвортой ноолуур, органик ногоо тариалалтыг дэмжинэ. 

Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг чадавхжуулж, улсын болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх ажлыг нэг чиглэлээ болгожээ.

Холбоотой мэдээ