Албан хаагчдынхаа ажлын цагийг богиносгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-02-07 10:28:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажилтан, албан хаагчдаа богиносгосон цагаар ажиллуулж байна.

Тодруулбал, томуу томуу төст өвчний дэгдэлт их байгаа, улс орнуудын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан тус газраас 2020.01.29-2020.03.02 өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд ажилтан албан хаагчдыг ажлын таван цаг ажиллуулахаар болжээ.

Ажилтан албан хаагчдын богиносгосон цагаар ажилласан өдрийн ирцийн бүртгэлийг мөн хугацаанд бүтэн цагаар тооцож олгох юм байна. Харин ийн ажиллах хугацаанд гэр бүлдээ цаг гаргаж, нийтээрээ дагаж мөрдөж буй эрүүл мэндийн дүрэм журмыг чандлан сахихын зэрэгцээ ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд дуудсан цагт бэлэн байхыг ажилтан албан хаагчдад үүрэг болгожээ.

Бага насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй олон цагаар гэртээ байж эрх нь зөрчигдөж, аливаа эрсдэл учирч болзошгүй байгаа тул ГБХЗХГ-аас тус арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаа мэдээлээд, бусад байгууллагыг ажилтан албан хаагчдынхаа гэр бүлд ээлтэй шийдвэр гаргаж хамтран ажиллахыг уриаллаа.

Холбоотой мэдээ