Эрээнхот: Халдвар тархсан газраас ирсэн иргэдийг албадан буцаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-09 15:28:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улстай хиллэдэг БНХАУ-ын Эрээнхотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх штабаас тус хотод нэгдүгээр зэргийн хөл хорио бямба гарагт зарлажээ. Зарлан мэдээлэх хуудаст дараах дөрвөн шаардлагыг тусгасан байна. 


Тодруулбал, "Нэгдүгээрт, шинэ коронавирусний тархалт ихтэй газраас Эрээнхот руу ирэхийг төлөвлөж байгаа иргэд тархалт зогсохоос өмнө ирэхгүй байхыг сануулж байна. Үүнийг зөрчсөн иргэнийг албадан буцаах, эсвэл тусгаарлах газарт 14 хоног хөл хорионд байлгах бөгөөд гарах зардлыг тухайн иргэн өөрөө даана.


Хоёрдугаарт, Вирусний эрсдэл ихтэй газраас хэдийн ирсэн иргэд гэртээ 14 хоног байх бөгөөд дураараа гадагш гарч үл болно. 


Гуравдугаарт, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах товчоо иргэдэд энэхүү зарлан мэдээлэх хуудсыг WeChat болон бусад сувгаар шуурхай хүргэж мэдээлэх үүрэгтэй. 


Дөрөвдүгээрт, цагдаагийн газар, хороодын хариуцлагатай ажилчид нэгэнт Эрээнхотод ирсэн хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхыг хянаж ажиллахыг үүрэгдэв" гэжээ. 


БНХАУ-ын ӨМӨЗО-д шинэ коронавирусний халдварын сэжигтэй 1533 иргэн эмнэлгийн хяналтад байна. Коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсон  54 тохиолдол бүртгэгджээ. 


Тухайлбал, Ордос хотод 11, Бугат хотод 10, Хөххотод 7, Баяннуурт 6, Хөлөнбуйрт 5 тохиолдол бүртгэгджээ.


БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251 хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна.


Ташрамд дурдахад, Монгол Улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол илрээгүй ч Засгийн газраас монгол иргэнийг БНХАУ руу зорчихыг, гадаад иргэн Монголд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан. Тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил давна. Харин улс хоорондын ачаа тээвэрт уг хязгаарлалт хамаарахгүй юм. Энэ хугацаанд Монгол Улсын иргэн зөвхөн Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор эх орондоо хил нэвтэрнэ.

Холбоотой мэдээ