Чөлөөт бөхийн тамирчид 3 тивд олимпын бэлтгэлээ хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-18 19:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор 2020 оны хоёрдугаар сарын 20-нд Энэтхэг улсын Шинэ Делид эхлэх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх юм.


Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн зарим тамирчид ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеевийн урилгаар Хойд Осетийн нийслэл Владикавказт олимпын хошой, дэлхийн таван удаагийн аварга Махарбек Хадарцевын нэрэмжит бөхийн академид хамтарсан бэлтгэл хийхээр тус улсад очоод байна.


Багийн бүрэлдэхүүнд шигшээгийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарын удирдлага дор гавьяат тамирчин Э.Бэхбаяр /57 кг/, Г.Мандахнаран /65 кг/, ОУХМ Т.Түвшинтулга /57 кг/, Т.Тулга /65 кг/, Н.Золбоо /125 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Б.Бат-Эрдэнэ /74 кг/, Б.Бямбадорж /74 кг/, М.Лхагвагэрэл /125 кг/, Ч.Алтангэрэл /97 кг/, Э.Батмагнай /97 кг/, спортын мастер Б.Орхонбаяр /97 кг/ гэсэн 12 тамирчин багтжээ.


Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаяраар ахлуулсан эмэгтэйчүүдийн шигшээ багийн зарим тамирчид АНУ-д Колорадо Спрингс дэх олимпын бэлтгэлийн баазад тус улсын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр очсон байна. Уг бэлтгэлд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Сумъяа, Б.Шоовдор, Б.Болортуяа, Ц.Намуунцэцэг, Э.Даваанасан, Х.Болортуяа, Б.Хонгорзул нар хамрагджээ.


Ийнхүү гурван тивд чөлөөт бөхийн шигшээ багийнхан гуравдугаар сарын сүүлээр болох Ази тивийн бөхчүүдийн олимпын эрх олгох тэмцээнд гол анхаарлаа хандуулан бэлтгэл хангаж байна. “Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд тавхан сарын хугацаа үлдээд байгаа билээ.

Холбоотой мэдээ