Монголын саналд Умард Солонгос хариу өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭТОКИО. /JapanToday/. Японы хулгайлагдсан иргэдийн асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ зун илгээсэн захидалд Умард Солонгос хариу өгчээ.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд мэдэгдcэнээр, Японы хулгайлагдсан иргэдийн асуудлаарх албан ёсны хэлэлцээг Монголын нийслэл Улаанбаатар хотод хийх санал бүхий уг захидлын хариуг Умард Солонгос өгсөн байна.
Захидалд ямар нэгэн хариу өгсөн эсэхийг асуухад Л.Пүрэвсүрэн, “Тийм” гээд, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзан, “Одоо энэ тухай ярих нь зохистой биш” гэжээ.
Японы хулгайлагдсан иргэдийн асуудлаар Монголд хэлэлцээ хийх санал бүхий хувийн захидлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны долдугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд тусгай төлөөлөгчөөрөө илгээсэн юм.
1970-1980-аад онд Пхеньяны тагнуулчдад хулгайлагдсан япончуудын хувь заяаны талаар бодитой мэдээлэл олж авахын тулд Умард Солонгостой сайн харилцаатай Монголоос Япон тусламж хүссэн билээ.
Умард Солонгост хулгайлагдсан 17 япон хүний нэрсийн жагсаалтыг Япон албан ёсоор гаргасан юм. Гэхдээ үүнээс ч олон хүнийг Пхеньяны тагнуулчид хулгайлсан байж болзошгүй гэж сэжиглэж байна. Хулгайлагдсан таван хүнийг 2002 онд Умард Солонгос эх орон руу нь буцаасан ч үлдсэн 12 хүн амьд эсэх нь тодорхойгүй байна.
Монголын Гадаад хэргийн сайд хэлэхдээ, “Манай улс Зүүн Хойд Азийн бүх улстай сайн харилцаатай бөгөөд Токио болон Пхеньяны хооронд хэлэлцээ хийхэд цаашид ч идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд