Д.Сарангэрэл: Шинэ коронавирусний оношлуурт эргэлзэх шаардлагагүй

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-27 16:08:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдлыг оношилж буй оношлуурт эргэлзэх шаардлагагүй гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэв. 


Улсын онцгой комисс энэ сарын 26-нд хуралдаж, БНСУ-аас Монгол Улсад ирж буцах бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргасан. Хуралдааны шийдвэрийн талаар танилцуулах үеэр Сайд Д.Сарангэрэл дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Монгол Улсад Япон Улсад үйлдвэрлэсэн оношлуураар шинэ коронавирусний халдварыг илрүүлэх оношилгоог хийж байна. Өнөөдрийг хүртэл 300 гаруй сэжигтэй тохиолдлыг тус оношлуураар шинжилж шинэ коронавирусний халдвар илрээгүй. Дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчин дэгдсэн халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг Монгол Улсад шинэ коронавирусний халдвар ороогүй гэдэгт эргэлзэж, илрүүлж чадаж байгаа эсэхэд иргэд эргэлзэж ярьж байна. Иймд эрүүл мэндийн салбарынхан оношлуурын үр дүнг туршилтаар шалгасан. Тодруулбал, амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд тус багажаар шинэ коронавирусний оношилгоог давхар хийсэн. Ингэхэд шинэ коронавирусний  халдвар илрээгүй. Тиймээс оношлуур үнэн зөв дүн гаргаж байна гэж үзсэн" хэмээв.

Холбоотой мэдээ