Эрхүү хотноо ДАШТ-д оролцож буй Монголын хоккейчид 2 хожилтой явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-02 11:57:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотноо ням гарагт /2020.03.01/ бөмбөгтэй хоккейн /бэнди/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэллээ.


Манай шигшээ багийн багтсан В хэсгийн тоглолт гуравдугаар сарын 1-6-нд болох бол А хэсгийн тоглолт гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд зохион байгуулж шилдгүүдээ тодруулах юм. Энэхүү тэмцээний А хэсэгт Швед, ОХУ, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстони улсын шигшээ багууд ур чадвараа сорьж байгаа юм.


Монголын шигшээ баг В хэсгийн А-д Нидерланд, Унгар, Чех, Украин, БНХАУ-ын багтай хамт орсон байна. Эхний тоглолтоо гуравдугаар сарын 1-нд Хятадын багтай хийх байсан ч Хятадын шигшээ баг коронавирусний халдварын улмаас тэмцээнд оролцохгүй болсон. Олон улсын бөмбөгтэй хоккейн холбоо /FIB/-оос тус хэсгийн хуваарийг өөрчилж, Монголын шигшээ баг В хэсгийн В-д Их Британи, Япон, Латви, Словак, Сомалийн багуудтай өрсөлдөхөөр болсон.


Их Британийн шигшээ баг визний асуудлаас болж энэ тэмцээнд ирээгүй аж. Монголын шигшээ баг коронавирусний халдварын улмаас эх орондоо бэлтгэл хийх нөхцөл боломж бага байсан учраас хоёрдугаар сарын 22-нд Эрхүү хотноо автобусаар очсон байна. Дасгалжуулагчийн мэдэгдсэнээр Монголын шигшээ баг хашир туршлага, залуу нас хосолсон баг хэмээн онцолж байна.



Харин багийн ахлагч Г.Тамир “Бид 2006 оноос эхлэн ДАШТ-д оролцсон. Өнгөрсөн жилийн ДАШТ-д санхүүгийн асуудлаас болоод оролцоогүй. Өнөөдөр шигшээ багаа дэлхийд ямар түвшинд байгааг хэлэх боломжгүй байна. Харин бид В хэсэгт медаль авах зорилготой л ирсэн” гэж ОХУ-ын сэтгүүлчдэд ярьжээ.


Монголын шигшээ баг эхний тоглолтоо өчигдөр 11.30 цагаас Африкийн Сомалийн багтай хийлээ. Сомалийн багт Шведэд амьдардаг сомали цагаачдаас бүрдүүлсэн хоккейчид багтжээ. Үзэгчид Сомалийн багийг илт дэмжсэн ч Монголын баг туршлага заан, африк тамирчдад хичээл заасан гэж болно.


Сомалийн баг эхний 10 минут оноо алдаагүй ч эхний үед 4:0 тэргүүлж, хоёрдугаар үед ч манайхан дайралтаа улам бататгаж 10:0-ээр Монголын шигшээ хожлоо. Шилдэг тоглогч болсон З.Батгэрэл /№3/ эсгий гутлаар шагнуулсан байна.



Монголын шигшээ баг дараагийн тоглолт орой 19 цагаас Латвийн шигшээг 4:0 -ээр ялсан Словак улсын шигшээ багтай хийж 4:0-ээр яллаа. Тус тоглолтын эхний үеийн 9 дэх минутад багийн ахлагч Г.Тамир пенальтигаар гоол оруулж тэргүүлж эхэлсэн. Харин Словакын хоёр тамирчин торгуулиар талбайг орхих мөчид Ш.Цогтоо хамгаалагчдыг хууран 2 дахь гоол оруулснаар монголчууд илт илүүрхэж эхэлсэн. Улмаар ахмад тоглогч Д.Мөнгөнхуяг 2 гоол оруулж, өрсөлдөгч багаа 4:0-ээр хожив.


Ийнхүү Монголын шигшээ баг эхний хоёр тоглолтод хаалгандаа гоол алдаагүй тэмцээнээ үргэлжлүүлж байна.



Холбоотой мэдээ