“Миягина” дэвжээнд 2 метр өндөр монгол залуу элсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-02 13:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо хоёрдугаар сарын 29-нд явагдсан сумогийн шинэ бөхийн шалгалтын талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлжээ.


Хаврын төгсөлтийн үеэр явагддаг энэ шалгалтад жил бүр маш олон залуус ордог юм байна. Энэ жил 45 шинэ бөх шалгалтад орсны дотор олны анхаарлыг татсан залуу бөх олон байлаа. Тайхо аваргын ач, Туркийн анхны сүмоч зэрэг бөхчүүд байсан ч хамгийн их анхааралд өртсөн нь "Миягино" дэвжээнд элссэн Э.Даваанинж байсан гэхэд болно. Японд багаасаа амьдарсан тэрбээр 18 настай, 2 метр өндөр, 158 кг жинтэй аж.


Зургаан настай байхдаа Өмнөд Солонгосын нисэх буудалд Их аварга Хакүхо М.Даваажаргалтай тааралдаж, хамт зураг авхуулж байсан түүхтэй залуу ийнхүү их аваргын шавь болж байна.



Японы Хоккайдод сүмо барилдаж эхлэн Хакүхогийн зөвлөгөөнөөр олон сайн сүмоч төрүүлсэн Тоттори Жёохокү сургуульд суралцжээ. Манай Р.Гантөгс багшийн шавь. Р.Гантөгс бол Монголын сонирхогчдын сүмо төдийгүй мэргэжлийн сүмод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки асан Тэрүнофүжи, Ичиножёо, Асахирюү, Роога нар мөн түүний шавь нар юм.


Э.Даваанинж сэтгүүлчдэд “Дунд сургуульд байхдаа 190 см өндөр болсон. Тэр үед өдөрт нэг литр сүү уудаг байлаа. Одоо харин өсөх биш жингээ нэмэх бодолтой байна” гэж ярьсан байна.


Түүнтэй хамт Хагивара Акира хэмээх Такүшёо их сургуулийн 22 настай залуу Нарүто дэвжээнд орсон нь турк аавтай, япон ээжтэй залуу юм. 182 см өндөр, 112 кг жинтэй аж.

Холбоотой мэдээ