Халдвараас сэргийлэх цахим уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-09 13:01:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилсан “Хүүхэд итгэлийн харц” аяны хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдээр дамжуулан гэр бүлд нь урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл санал санаачилгыг өрнүүлэх зорилготой “Хамтдаа сэргийлж хайртай бүхнээ хамгаалъя” цахим уралдааныг зарлалаа. Уралдааныг Хөвсгөлийн өнгө сайт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн номын өргөө хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага, дунд, ахлах гэсэн насны ангилалд гар зураг, зохион бичлэг, эсээ гэсэн төрлөөр цахимаар зохион байгуулна.  

Уралдаанд оролцох хүүхдүүд коронавирусний халдвараас гэр бүлдээ хэрэгжүүлж байгаа сайн арга туршлага болон олон нийтийг зөв мэдээлэл, дадалд уриалсан байх. Мөн хамтдаа сэргийлэхгүй байснаар гарах сөрөг үр дагаврыг сэрэмжлүүлэг хэлбэрээр тусгаж өгөх бөгөөд ангилал тус бүр эхний 3 байрыг шалгаруулж “Хөвсгөлийн өнгө” сайтаар олон нийтэд сурталчлан танилцуулж өргөмжлөл, мөнгөн шагнал, ном, хичээлийн хэрэглэл зэргээр шагнаж урамшуулах ажээ.

 

Холбоотой мэдээ