“Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөлийн ажлын талаар санал солилцлоо

Орон нутагт | Дорноговь
orkhon@montsame.mn
2020-03-08 13:32:58
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн төвийн ерөнхий инженер Б.Дашдондог, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Дашдаваа нар аймгийн Засаг дарга Д.Батлуттай уулзлаа.

Тэд Орхон аймгийн “Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөлийн ажлын талаар санал солилцсон юм. “Эрдэнэт” ДЦС-ын хүчин чадлыг 35 мВт-р өргөтгөх төсөл өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлж төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan industrial Equipment”  компани ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд турбин цехийн ерөнхий барилгын ажил 90, насос станцын барилгын байгууламж 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дээрх ажлын хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК–ийн Орхон аймаг дахь Хангайн бүсийн салбарын 220 кВт-ын дэд станцыг 110 кВт-ын агаарын шугамаар холбох техникийн нөхцөлийн дагуу газар чөлөөлөх ажил тулгамдаад байгаа ажээ. Уг газар нь иргэн В.Ганбаатарын эзэмшлийнх тул хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг даргаас хүссэн юм.

Дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэж төслийн ажлыг шуурхай гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. “Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөлийн ажил энэ оны наймдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байгаа юм.  Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 51.8 сая ам.доллар. Үүний 55 хувийг төслийн гүйцэтгэгч компанид олгосон байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ