Д.Сарангэрэл: Францын иргэнтэй ойр байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж эхэлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-10 11:49:14
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө. 


Халдвар илэрсэн Францын иргэн гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн "Аэрофлот" компанийн нислэгээр Улаанбаатарт ирээд Баянгол зочид буудалд гурав хоножээ. Ингээд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очсон байна. Гуравдугаар сарын 7-нд бие нь зарайж байна гэсэн өгүүлэмжтэй кэмпийнхээ эмчид хандахад 37.4 хэмийн халуунтай байжээ. Тухайн эмч эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу шинжилгээ авахад коронавирус илэрсэн байна. 


"Тухайн хүн Улаанбаатар хотод 40 хүн, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан байна. Тэдгээр 120 хүний бүртгэлийн хууль хяналтын байгууллагаас гаргаж өгсөн. Мөн түүнтэй онгоцонд урагшаа гурав, хойшоо гурав, хажуу тийшээ гурван эгнээнд суун зорчсон хүмүүс, галт тэргээр хамт зорчсон 28 хүний нэрсийг хууль хяналтын байгууллагаас гаргаж өгсний дагуу ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авч эхэлсэн" хэмээн салбарын сайд хэлэв.


Түүнчлэн "Францын иргэнд нисэх онгоцны буудлын Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагаас 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгснийг мөрдөөгүй. Улаанбаатарт байх хугацаандаа Веранда, Ариг Аня ресторанаар үйлчлүүлж, KFC-ээс хоол захиалж идсэн, галт тэрэгний буудал хүрэхдээ таксигаар үйлчлүүлсэн. Одоогоор түүнийг Дорноговь аймаг дахь кэмпд тусгаарласан байгаа. Эмнэлгийн тусламж үзүүлэхээр ХӨСҮТ-ийн мэргэжлийн хоёр баг Дорноговь аймгийг зорьсон.  ХӨСҮТ-ийн рентген аппаратаар уушгинд нь ямар өөрчлөлт гарч байгааг газар дээр нь үзэх боломжтой учир өвчтөнийг оношилж, эмчлэх бүрэн боломжтой" хэмээн тэмдэглэлээ.


ДЭМБ шинэ коронавирусний халдварын үед хэрэглэх тоног төхөөрөмж, эмнэлзүйн удирдамжийг улс орнуудад өгсөн. Манай эрүүл мэндийн байгууллагын аль ч шатны эмч нар халдварын онош батлагдсан тохиолдолд ямар эмчилгээ хийхээ мэдэж байгаа. Шинж тэмдгийн эмчилгээ, хүндэрсэн тохиолдолд өргөн хүрээний антибиотикийн эмчилгээ хийх нь улс орнуудад үр дүнгээ өгч байна.  Иргэд айж сандрах шаардлагагүй харин илүү сэрэмжтэй байх хэрэгтэйг Эрүүл Мэндийн сайд онцоллоо.  

Холбоотой мэдээ