УБТЗ-ын зорчигч тээврийн “өвгөн” вагонууд гавьяаныхаа амралтад хэзээ гарах вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-10 11:53:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр манай улсад ашиглаж буй нийт вагоны 80 хувь нь хуучин технологиор нүүрс түлж халаалтаа шийдэж байна. Ийм улс манайхаас өөр хаана ч байхгүй. Бүх улс л цахилгаан галт тэрэг, хурдны галт тэргээ агааржуулагч, хөргүүрийн системтэй, вакуумжсан болгон хөгжүүлж байна. Түүнчлэн манай улсад 28 жилийн зориулалттай ч 57 жил ашигласан зорчигч тээврийн вагон үйлчилгээнд "зүтгэж" байна. Энэ мэт асуудлыг хөндөн УБТЗ-ын Удирдах газрын Зорчигч тээврийн албаны засвар хариуцсан орлогч дарга Б.Ганбаатартай ярилцлаа.


-УБТЗ-д өнөөдрийн байдлаар хэдэн ширхэг зорчигчийн суудлын вагон ашиглаж байна вэ, ер нь нэг вагоныг ямар хугацаанд ашиглах зориулалттай байдаг вэ?

-Зорчигчийн нэг вагоны ашиглалтын хугацаа 28 жил байдаг. Одоо ашиглаж байгаа нийт 276 вагоны 74 хувь нь 28-аас дээш буюу хугацаа нь хэтэрсэн. Хамгийн дээд тал нь 57 жил ашиглаж буй вагон бий.

5 жилээр хэтэрсэн 46 вагон байгаа нь нийт составын 16.67 хувийг эзэлж байна. 34-37 жил ашигласан 57 вагон байгаа нь 20.65 хувь нь болж байна. 38-40 жил ашигласан 35 вагон нь нийт паркийн 12.6 хувь, 41-ээс дээш жилийн болсон 65 вагон байгаа нь 23.55 хувийн парк ашиглалттай байгаа. Үндсэндээ нийт паркын 4-ний гурав нь ашиглалтын хугацаа хэтрээд явж байна. 

Ашиглалтын хугацааг уртасгахын тулд Зорчигчийн вагон депогийн засварын салбарын хамт олон өөрсдөө засварлаж, нэлээд ажлыг хийсний хүчинд дээрх хуучирсан вагонуудыг ашиглаж байна. 


-Шинэчлэхийн тулд яах ёстой вэ, ямар хүндрэл бэрхшээл гарч байна? 

-Паркаа шинэчлэхэд дор хаяж жилд 20-30 вагон шинээр худалдаж авах шаардлагатай. Ингээд явахад 5-6 жилийн дотор паркаа гайгүй шинэчилж, ашиглах хугацаа хэтрээгүй вагонуудтай болж, орчин үеийн тохь тухтай вагоноор үйлчлэх боломж нөхцөл нь бүрдэх юм. Шинэ вагон авъя гэхээр хөрөнгө дутагддаг. 

Одоо бид зорчигчийн вагоны тэргэнцэр, явах анги, тоормосны засварыг дотооддоо 100 хувь шинэчлэн засварлаж байгаа. Вагонууд урт хугацаанд ашиглагдаад ирэхээр вагоны кузов зэвэрдэг. Тиймээс кузовыг хэсэгчлэн дахин солих хэрэгтэй болдог. Хүндрэл энд л гардаг. Дотоод тоноглолын засварыг цоо шинээр хийх шаардлагатай болдог, хийж ч байна. Энэ нөхцөлд засварын зардал бас их гардаг. Вагон хэдий чинээ "хөгширч" байна, тэр хэрээр зардал нэмэгдсээр ирсэн. Шинээр сольж, сэргээн засварлаж байдаг учир засварын өөрийн өртөг нэмэгддэг. 

Өнгөрсөн жил бид 276 вагоны засварт нийт 8.1 тэрбум төгрөг зарцуулсан. Засварлалаа ч сэлбэг хэрэгсэл, запас материалыг өөрсдөө үйлдвэрлэдэггүй,  гаднаас, ОХУ-аас худалдан авдаг. Гэтэл жил бүр сэлбэг материалын зардал дунджаар 20 хувиар нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад засварын зардал ихэсдэг. 




Гол нь хөрөнгөөр дутагдаж буй ч бид байгаа хөрөнгөө вагоны тэргэнцэр, явах ангийн, галт тэрэгний аюулгүй байдлыг бүрэн хангах засвартаа бүрэн зарцуулдаг. Үлдэх хөрөнгийг вагоноо будах, зорчигчийн тохь тухыг хангах үүднээс дотоод тохижилтод зарцуулж байна. 

Хөрөнгийн бололцоо байдаг бол бид вагоныхоо дотоод халаалтыг цахилгаан халаалтад бүрэн шилжүүлэх, ариун цэврийн өрөөнүүдийг вакум жорлонтой болгох зэргээр зорчигчдынхоо ая тухыг хангахад анхааран вагонуудаа өөрчилж шинэчилж тоноглоод явах бүрэн бололцоотой. 



-Шинэчлэх шаардлагатай 74 хувийнхаа хэдийг нь өөрсдөө засварлаж байна вэ?

-Ер нь бол үйлчилгээнд явж буй нийт вагоныг бид өөрсдийн хүчээр бүрэн засварлаж байна. Ашиглалтын хугацаа хэтэрсэн паркынхаа 74 хувийн вагонуудыг орчин үеийн тохилог бүрэлдэхүүнээр үе шаттай солих хэрэгцээ бий. Бид вагонуудаа шинэчилж засварлахдаа дотоодынхоо нөөц боломжоор зорчигчдын ая тухыг хангасан, орчин үед нийцсэн байдлаар өөрчилж байгаа. 

Жишээ нь, өнөөдөр манайд ашиглаж байгаа вагоны 80 хувь нь хуучин технологиор нүүрс түлж халаалтаа шийдээд явж байна. Ийм хувь нь хөргөлт, агааржуулалтын системээр тоноглогдоогүй байна гэсэн үг. Гэтэл сүүлийн үед агаар, орчны бохирдолтой холбоотойгоор вагонуудаа бид цахилгаан халаалтад зайлшгүй шилжүүлэх шаардлага тулгарч байна. 


Өнөөдөр УБТЗ нэг зорчигчийг нэг км-т 30 төгрөгөөр тээвэрлэж байна. Үүнийг 52 төгрөг болгон тээвэрлэхэд төмөр замын салбар алдагдалгүй, балансаа барина, вагонуудаа ч шинэчлэх бүрэн боломжтой болох юм байна. 


Одоогоор, Бээжин-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг цахилгаан халаалтыг ашиглаж байгаа. Цуваа нь дотроо нэг дизель вагонтой, тэр нь галт тэрэгнийхээ цахилгаан хангамж хэрэгцээг хангаад явж байдаг юм. Мөн вакум жорлонгоор бүрэн тоноглогдсон, купенууд нь хөргөгч, агааржуулагч системтэй, душ зэрэг бүх юмаар хангагдсан. Ийм техникийн шийдэл бэлэн байгаа ч гагцхүү хөрөнгө дутагдаж байна. Зорчигчийн тав тухыг хангах талаар бидэнд хийх ажил их байна. 


Зураг дээр: БНХАУ-д 2007 онд үйлдвэрлэсэн, дизель буюу цахилгаан вагон



Зураг дээр: ЗХУ-аас нийлүүлж байсан, хуучин БНАГУ буюу Зүүн Герман улсад үйлдвэрлэсэн, манайд яваад 50 жил болж буй вагонуудыг засварлаж байгаа нь.


-Одоо явж буй цуваа (состав) ихэвчлэн хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн вагонууд уу?

-Манайд одоо хуучин ЗХУ болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вагонуудыг ашиглаж байна. Хуучин БНАГУ-д буюу зүүн Германд үйлдвэрлэсэн вагонууд ч бий. 

-Эдгээрийг засварлаж шинэчлэхэд ялгаа бий юу. Жишээ нь, Хятадын вагоны стандарт өөр байх гэх мэтээр ...?

-Улс улсын онцлог бий. Гэхдээ хэр удаан ашиглагдсанаараа ялгагдана. Герман вагоныг 70, ЗХУ-ынхыг 50 жил ашиглаж байна. Хятад вагонуудыг 2007 оноос авсан, шинэ вагонууд юм. 

-Бусад оронд өнөөдөр галлаад явж буй вагон байхгүй байх. Цахилгаан галт тэрэг, хурдны галт тэргүүдээ  агааржуулагч, хөргүүрийн системтэй, вакуумжсан болгон тоноглож байна. Тэгэхээр вагонуудаа шинэчлэх өөр ямар гарц байж болох вэ?

- Энд нэг бол зорчигч үйлчилгээний үнэ тарифыг зах зээлд нийцүүлсэн байдлаар нэмэх хэрэгтэй. Энэ янзаараа явахгүйгээс хойш нэмэхээс өөр арга байхгүй. Бид олон улсад явж байна. Орон нутгийн зорчигчдын тав тухыг бас хангах хэрэгтэй. Бас хөгжлөөс олон жилээр хоцормооргүй байна.

Мөн улсаас татаас авах, хөрөнгө оруулах зэрэг шийдэх гарцууд уг нь бий. Өнөөдөр УБТЗ нэг зорчигчийг нэг км-т 30 төгрөгөөр тээвэрлэж байна. Үүнийг 52 төгрөг болгон тээвэрлэхэд төмөр замын салбар алдагдалгүй, балансаа барина. Вагонуудаа шинэчлэх боломж ч гарна. Суудлын вагоноос гадна манай төмөр замын ачааны вагон, галт тэргүүд ч ялгаагүй, шинэчлэх шаардлагатай байгаа . 


Зураг дээр: Суудлын галт тэрэг ээлжит аялалдаа гарахаар түлшээ бэлтгэж байгаа нь.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ