Хэнтий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-12 20:03:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ойн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.


Ойн баярын ажлын хэсэг хандив цуглуулах, логоны уралдаан зарлан дүгнэх ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд үйл ажиллагаа, сурталчилгааны бэлгэ тэмдэг болгон ашиглах зорилгоор уран бүтээлчдийн дунд логоны загварын уралдаан зарлаж, уг уралдаанд зургаан уран бүтээлч 25 бүтээл ирүүлжээ.

Барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Хэнтий аймгийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий дөрвөөс дээшгүй элемент агуулсан, гурваас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны бүтээл байхаар тусгасан байна. Энэ уралдааны ялагчаар S студийн гэрэл зурагчин Г.Баясгалантөгс шалгарч, шилдэг бүтээлийн 300 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Уг уралдааныг “Өндөрхаан арт”, “Уран тод цэг” ХХК ивээн тэтгэв.

Энэ үеэр барилгын салбарын 60 жилийн ойг тэмдэглэхэд зориулан хандив өргөсөн ААН, байгууллагуудад батламж гардууллаа. Барилгачид түүхт ойгоо баяр ёслол гэхээс илүүтэй бүтээн байгуулалт өрнөсөн, ажлаа дүгнэсэн, илүүг санаачилсан онцлогтой тэмдэглэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ