АСЕМ-ын үеэр хамгаалалтын бүс тогтоох ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-28 14:12:48

ЦЕГ, ЗЦГ-аас АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын харуул хамгаалалт, замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд мэдээлэл хийв.

АСЕМ-ын дээд түвшний уулзалт долдугаар сарын 15-16-нд болно. Дээд түвшний уулзалтыг угтан замын хөдөлгөөн болон харуул хамгаалалтыг ажиллуулах талаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ. Энэ үеэр ирэх зочид, төлөөлөгчид нь А зэрэглэлд буюу төрийн тусгай хамгаалалтад авах учраас ЦЕГ, ЗЦГ, ТЕГ-ын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтарч ажиллах юм байна. Дээрх газрууд хамтран замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг явуулахыг нарийвчлан гаргах аж. Одоогийн байдлаар хамгаалалтын бүсэд Шангри-Ла зочид буудал, Төрийн ордон, Чингис Хаан Олон Улсын нисэх буудал багтаж байгаа гэнэ.

ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Лхагвадорж ярихдаа,"АСЕМ-ын уулзалтын үеэр хамгаалалт хийх газруудаас гадна бусад бүсжилт дээр ЗЦГ, ЦЕГ-ын ажилтнуудыг дайчлан ажиллуулах, яаралтай дуудлагад бэлэн байлгах талаар чиглэл өгч ажиллана. НЗДТГ-аас замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалттай холбоотой тогтоол гарна байх. Урьдчилсан байдлаар долдугаар сарын 14-16-нд тодорхой хэсэгт замын хөдөлгөөнийг хаахаас гадна дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөөд байна. АСЕМ-ын уулзалтаар бүх замын хөдөлгөөнийг хаахгүй” гэв.

Дээд хэмжээний уулзалтыг угтсан хурлуудын үеэр цаг тухайд нь замын хөдөлгөөнийг хязгаарлаж, дугаарын хязгаарлалт хийх юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ