“Ачит Ихт” ХХК ногдол ашиг хуваариллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-16 14:20:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Ачит Ихт” ХХК зургаа дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа. 

Лондонгийн металлын биржийн гишүүн, үндэсний үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК өөрийн үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулан давуу эрхийн хувьцаа гаргасан бөгөөд энэ сарын 15-нд зургаа дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа.

2018 оны 12 дугаар сарын 15-нд анхны ногдол ашгаа хуваарилж байсан бөгөөд давуу эрхийн хувьцаа нь улирал тутам ногдол ашиг өгөх хатуу журамтайгаараа энгийн хувьцаанаас ялгаатай юм.  Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан жилийн 30 хувийн ногдол ашиг олгож буй нь тус компанийн Монголд анх удаа хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл чийрэг хүмүүжих орчныг бий болгох зорилгоор “Мөсөн Өргөө” төслийн гол санхүүжүүлэгчээр ажиллаж байна.

“Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь ажиллаж эхэлснээсээ хойш таван жилд орон нутагт 220 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 806 ханган нийлүүлэгч хувь хүн, байгууллагатай ажиллаж, 168 орчим тэрбум төгрөгийн дотоодын худалдан авалт хийжээ. Улс, орон нутгийн төсөвт 160 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гэрээний дагуу ашиглалтын төлбөрт 10 гаруй тэрбум төгрөгийг төлөөд байна.  

 

 

Холбоотой мэдээ