Жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд 150 айлд 750 мод үнэгүй олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-18 16:39:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын удирдлагууд 2019 онд газар тариалангийн салбарт хийсэн ажлаа танилцууллаа.

Тодруулбал, 2019 онд улсын төсвийн 500.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахир үзүүр, Шинэ бух, Баянсудал, Давхарын ус гэх газарт ус хуваарилах зориулалт бүхий инженерийн хийцтэй толгойн барилга барьж, 20 км суваг шуудуу татаж ашиглалтад оруулсан. Ингэснээр 800 га талбайд шинээр тариалалт эрхлэх, цөлжсөн газрыг усжуулах, байгалийн хадлангийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрджээ.

Мөн 2019 онд улсын төсвийн 140.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар комбайн худалдан авсан. Ингэснээр нийт 169.4 тонн үр тариа хураан авч, өмнөх оныхоос ургацын хэмжээг нэмэгдүүлжээ.

Түүнчлэн хадлангийн зориулалттай трактор, тоног төхөөрөмж худалдан авсан байна. Ингээд нутгийн иргэдийн оролцоотойгоор хадлангийн механикжсан салаа байгуулж, байнгын 2, түр 5 ажлын байр шинээр бий болгожээ. Улмаар улсын нөөцөд 6000 боодол өвс бэлтгэн нийлүүлсэн гэнэ. 


                   Булган сум орон нутагтаа жимс жимсгэнэ тариалалтаар тэргүүлдэг


Мөн “Булган жимс, жимсгэний агро парк”-ийг улсын төсвийн 600.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулжээ. Улмаар 15 га талбайг торлон хамгаалж, 5 га газарт усжуулалтын систем байгуулсан. 700 гаруй жимсний мод, 1000 орчим бургас тарьж, байнгын 3, түр 7 ажлын байр бий болгосон гэнэ.  

Тус сумынхан “Жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 150 айл өрхөд 750 жимсний мод үнэ төлбөргүй олгосон. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 300 гаруй айл өрх, 10 гаруй аж ахуйн нэгж жимсний тариалалт хийж байна. Тэд өнгөрсөн намар нийт 54 тонн жимс \алим, слив, үрэл\ зах зээлд нийлүүлсэн. Булган сум нь жимс жимсгэнэ тариалалтаар аймгийн бусад 16 сумыг манлайлж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.   

 

Холбоотой мэдээ