Үндэсний аудитын газарт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-03-25 13:16:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 15 нам, дөрвөн эвсэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.


Хуулийн дагуу улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хугацаа өнөөдөр дуусаж буй юм. Монгол Улсад бүртгэлтэй 35 намаас 15 нам бие даан өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Мөн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн “Сахигтун-Үндэсний хуулийн 19” эвсэлд хоёр, “Шинэ эвсэл”-д дөрөв, “Зөв хүн-Электрад” эвсэлд гурав, “Та бид” эвсэлд гурван нам нэгджээ.


Үндэсний аудитын газраас нам, эвслийн мөрийн хөтөлбөр Монгол Улсын Хөгжлийн үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэхэд хяналт хийх юм. Аудитын дүгнэлтийг ирэх сарын 25-наас өмнө гаргаж, Эдийн засгийг савлуулахгүй, төсвийн ачааллыг нэмэхгүй байх зэрэг шаардлагыг хангаагүй бол мөрийн хөтөлбөрийг тухайн нам, эвсэлд буцаах аж. Мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлээгүй, эдийн засгийн үндэслэл тооцоогүй боловсруулсан бол аудитад нийцээгүй гэсэн дүгнэлт гаргаж, СЕХ-нд хүргүүлэх аж. Үүнийг үндэслэн СЕХ тухайн нам, эвслийг сонгуульд оролцуулах эсэхийг шийдвэрлэх юм

Холбоотой мэдээ