Хаврын тариалалтыг дэмжиж 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-02 20:19:59
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ хаврын тариалалтын цаг ирж буйтай холбогдуулан тариаланчдаа дэмжиж 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор болжээ. Эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөлд газар тариалангийн салбарт хамтран ажиллах санамж бичигт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 


“Сovid-19” цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж үлдэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг салбарын яам чухалчилж байна. Энэ хүрээнд тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, үр, шатахуун, бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох аж.


Энэ нь улаанбуудай, төмс хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний таримлуудын хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд тариалалтын өмнө авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Түүнчлэн цагаан будаа болон бүх төрлийн будааны тариалалтыг турших, хаврын тариалалт, ургац хураалтад оюутан, цэргийн алба хаагчдыг дайчлахаар болжээ.


Монголын тариаланчдын үндэсний холбоо 2020 оны хаврын тариалалтыг  ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн зорилтын түвшинд хүргэж, үр дүнтэй зохион байгуулахад тариаланчдын хариуцлага, хүч хөдөлмөр, оролцоог нэмэгдүүлэхээ илэрхийлэв. Тодруулбал, улаанбуудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах, хүнсний ногооны хангамжийг 50-60 хувьд хүргэх, нэгжээс хураан авах ургацын хэмжээ, чанарыг сайжруулах, түүнчлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломж бололцоог бүрдүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.


ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан “Одоогоор импортын хамааралтай бүтээгдэхүүн бол цагаан будаа, гурвалжин будаа болон бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос байна. Энэ жил сэлгээний тариалалтад тос таримлын зохистой харьцааг бий болгож, рапсын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж цаашдаа экспортлох боломж байна гэж бодож байна.


Цаашид бид цагаан будааг дотооддоо тариалж болно. Тариалж байсан туршлага байна. Үүний үр ашгийг тодорхойлж тодорхой саналыг боловсруулах шаардлага байна. Элсэн чихрийн хэрэгцээг дотоодоосоо хангах бололцоо байна. Гол  нь боловсруулах үйлдвэр байгуулах, манжингаа тариалах асуудал байгаа юм. Ийм асуудлаар хамтран тооцоо судалгаа хийж, төслүүд гаргаж ажиллах саналтай байна.


Өрхийн хүнсний ногооны тариаланг нэмэгдүүлмээр байна. Айл бүр өөрийнхөө хэрэгцээний ногоог тариалж, хэрэгцээгээ хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлмээр байна. Айл бүр хүнсээ бэлтгэдэг соёл руу бид чиглүүлж өгөх хэрэгтэй.


Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны төлөвлөгөө, бодлого гарсан,  зөвлөл байгуулагдсан, энэ хүрээнд ажлаа уялдуулан, эрчимжүүлэн явуулъя.  Төрийн зохицуулалт зөв бодлого гаргах, шаардлагатай дэмжлэгийг онож өгөх, хэрэгжилтийн явцад хяналт тавьж эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэдгийг хэлсэн юм.


Ирэх долоо хоногт Газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг салбарын сайд онцлов. Энэхүү тогтоолын төсөлд тариаланчид, яамдуудаас санал авч боловсруулж оруулна. Мөн Улсын их хурлаар шинэ корнавирусний хямралаас гарах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай тогтоол хэлэлцүүлэх бөгөөд үүнд газар тариалангийн бодлогын асуудлууд орж байгааг хэллээ.



Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр тариаланчид улаанбуудайг түлхүү тариалах, тэжээлийг ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуйг хөгжлүүлэх, Орхон Сэлэнгийн сав газрын ашиглалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг өсгөх, хар рапсыг хөдөө аж ахуйг дэмжих санд авах, үр сортын хуулийг батлуулах, жимсний шинэ сортыг туршсаныг нутагшуулах чиглэлээр саналаа илэрхийлэв.


Монголын тариаланчдын үндэсний холбооны УЗ-ийн гишүүн Д.Насанжаргал Засгийн газрын жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариалалт болон жимсний жижиг аж ахуй хүрээнд тариалалт хийхийг дэмжих, жимс жимсгэнэ сорт суулгацын төв байгуулах, жимс жимсгэний ойн хамгаалалтын зурвасын стандарт батлуулах, хүлэмжийн аж ахуйг дэмжих саналыг илэрхийлсэн бол Ч.Пэрэнлэй зээлийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахын бэлтгэлийг одооноос хангуулах, төл сонгино оруулах, байцааны үрсэлгээ үржүүлэх, газар тариалангийн бүс нутгаас оторчдыг гаргах саналыг уламжилсан юм.


Холбоотой мэдээ