Сарлагийн хөөврийн нарийн ширийнээс

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-04-08 09:50:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын хэмжээнд 2019 онд 4.75 сая толгой үхэр тоолуулжээ. Үхрийн тоо толгойг авч үзэж байгаа гол шалтгаан нь сарлагтай холбоотой. Сарлаг, үхрийн нэг төрөл болохоор тоо толгой нь улсын хэмжээнд дангаараа гардаггүй юм байна. Гэхдээ сарлаг нь өндөр уулын бүсэд бэлчин өсч, үрждэг. Ийм учраас тархацаар нь авч үзэн ойролцоо тоо гаргах боломжтой. Тэрчлэн сарлаг 12 аймгийн 132 сумын нутагт тархацтай. Нэр бүхий аймаг сумуудад нийлээд 600 мянган орчим сарлагтай гэсэн албан бус тоо байна. Таван хошуу малаас үхэр, тэр дотроо сарлагийг онцолж байгаа нь, хөөврийн талаар дэлгэрэнгүй авч үзэх гэсэнтэй шууд холбоотой.


Малчид сарлагаас сүү, мах, арьс шир, хөөврийг ашиглаж иржээ. Эдгээр ашиг шимээс хамгийн бага өгөөжтэй нь хөөвөр байсан аж. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж энэ түүхий эдийн малчинд өгөх өгөөж өсчээ. Сарлагийн хөөврийг хяргаж тушаадаг байхад нэг кг хөөвөр 1500 төгрөгийн үнэтэй  ашиг нь өчүүхэн бага байж. Харин одоо самнасан хөөвөр тэр үнийг хэд дахин нугалан 15 мянгаас 20 мянган төгрөгийн хооронд худалдаагдаж байна.


Бүх нийтээр самнах болсон (2018 он)-оор малчинд өгөх хөөврийн өгөөж нь нэмэгдсэн байна. Хөөвөр (сарлаг)-ийг дотор нь гурав ангилдаг. Дээд зэрэг. Ийм хөөвөр (1 кг тутамд)-ийн 30 хүртэл хувь нь хялгас, дундаж урт нь 37.2 мм, голч нь18.4 мкм байдаг. Нэгдүгээр зэрэг. Энэ зэрэглэлийн хөөвөрт эзлэх хялгас дээд зэрэгтэй ижилхэн. Харин дундаж  урт нь  35.2 мм, голч нь 18.41-20.5 мкм байх жишээний. Харин 2 дугаар зэргийн хөөврийн хялгасны хэмжээ 40 орчим хувь болон нэмэгддэг ч урт нь 32.6 мм, голч нь 20.51-23.6 мкм болж буурдаг нь судалгаагаар тогтоогджээ. Эдгээр гурван зэрэглэлийн хөөвөр нь жигд атриатай уян зөөлөн өвөрмөц онцлогтой. 


Сарлагийн хөөврийн микро (нарийн, урт, уян хатан зөөлөн шинж чанарын нийлбэр)-ны хувьд ямааны ноолууртай төстэй. Лабораторийн шинжилгээгээр бага насны сарлагийн хөөвөр 18-20 микронтой болох нь тогтоогдсон. Дээд зэргийн сарлагийн  хөөвөр ямааны хоёрдугаар зэргийн ноолуурын  (16-19 микрон)  үзүүлэлттэй нэг түвшинд байгааг эндээс харж болно. Ийм төрлийн хөөвөр нь  уян зөөлөн чанараараа ямааны ноолуурын хэмжээнд хүрсэн үнэт түүхий эд болжээ. Ийм учраас сарлагийн дээд зэргийн хөөврийг шинэ ноолуур гэх нэршил ч гарч ирж байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн хөөврийн утсаар хийсэн хувцас (цамц өмд) дулаан хадгалах чадвараар ямааны ноолууран бүтээгдэхүүнээс илүү, агаарын солилцоо сайтай гэж ойлгож болно.


Тарга хүчнээс хамаарч сарлаг самнах хугацаа нь жил бүр өөр өөр байдаг аж. Сарлагийн  хөөврийн зөөлөн ноолуурлаг хэсэг нь хамгийн түрүүнд хөөрдөг. Сарлаг бүдүүрэх тусам хөөврийн  ширхэг бүдүүрч богино болно. Гэхдээ нас шүд гүйцсэн сарлагийг 4 дүгээр сард багтаан самнавал сайн гэнэ. Энэ үед сарлагийн хялгас сулраагүй байдаг тул хөөврийн гарц  арвин. Харин бярууны хялгас орой сулардаг тул 5 дугаар сард  самнахад тохиромжтой. Хамгийн урт нарийнийг бяруу (сарлагийн)-наас самнах боломжтой аж. Нэг бяруунаас 400 гр, шүдлэнгээс 700-750 гр самнах боломжтой гэж үздэг. Гэхдээ сарлагиийн хөөвөр хөөрөх үед хүзүү, дал нуруу, гуя хэвлий гэх дарааллаар самнах нь зохимжтой зэрэг самнах  хугацаа, арга хэлбэр янз бүр байдаг.


Аливаа малын гаралтай түүхий эд (ноолуур, ноос, сарлагийн хөөвөр)-үүдэд боловсруулалт хийх шат бүртээ өөр өөрийн нэмүү өртөг шингээдэг. Тухайлбал дээрх түүхий эдүүдэд үйлдвэрлэлийн анхан шатны угаалт хийхэд 2хувь, самнахад 5 хувь, ээрч утас болгоход 12 хувийн нэмүү өртөг шингэх боломжтой. Сарлагийн хөөврийг ээрч утас болгон экспортод гаргах суурь тавигдсан гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна. 2018 онд “Монгол ноолуур” хөтөлбөр батлагдаж үндэсний үйлдвэрлэгчдийн утас ээрэх хүчин чадлыг 3-3.5 дахин нэмэгдсэн. Үндэсний үйлдвэрлэгчдийн утас ээрэх хүчин чадал ингэж нэмэгдсэн нь мал (ноолуур, ноос, сарлагийн хөөвөр)-ын гаралтай түүхий эдүүдэд нэмүү өрдөг шингэх боломжийг бүрдүүлэх эхлэл нь болсон . 


Сарлагийн  63 хувь нь хар зүстэй. Харин 14 хувь нь бор, 8 хувь нь хөх, 7 хувь нь цагаан, 8 хувь нь тарлан  гэсэн  зүсний судалгаа гарсан байна. 

Холбоотой мэдээ