Ухань хотоос 7000 гаруй хүн онгоцоор нисжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-09 13:53:48

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Хубэй мужийн Ухань хотод коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор хотоос гарах хөдөлгөөнд хориг тавьж, хөл хорио тогтоосон билээ. Энэхүү хориг нь энэ оны 1-р сарын 23-ны өдрөөс хойш буюу нийт 76 хоногийн хугацаанд үргэлжилсний эцэст тус улсын төр, засаг өчигдөр хоригийг цуцаллаа.

            Улмаар хоригийг цуцалсан эхний өдөр буюу өчигдрийн байдлаар, Ухань хотын “Тяньхө” нисэх онгоцны буудлаас 7000 гаруй хүн онгоцоор гадагш зорчсон гэх мэдээллийг тус улсын Иргэний нисэхийн газраас мэдээлэв.

            Тодруулбал, өчигдөр тус нисэх буудалд нийт 221 нислэг хийгдэж, 11714 зорчигч тээвэрлэжээ.

            Ухань хотоос гадагш гарах чиглэлд хамгийн олон нислэг үйлдэгдэж буй хотуудын эхний гуравт Чөндү, Хайкоу, Шэньжэн хотууд орж байгаа бөгөөд эдгээр нь нийт нислэгийн 20.6 хувийг эзлэж байгаа юм.

            Харин Ухань хотод ирж буй нислэгийн эхний гуравт Гуанжоу, Чөндү, Хайкоу хотууд багтаж байгаа ба нийт нислэгийн 22.8 хувийг эзэлж байна.

            Ташрамд дурдахад, Тяньхө нисэх буудал нь өнгөрсөн жилд давтамжтай тоогоор 27.15 сая зорчигч тээвэрлэж байсан бөгөөд 2020 онд зорчигчийн тоог 35 саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.   

Холбоотой мэдээ