Хайрга, дайрга шөнө тээвэрлэсэн зөрчил гарсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-09 14:18:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан өчигдөр  /2020.04.08/ 12, 13 дугаар хороо буюу Био комбинат, Шувуун фабрик, Туул тосгоны нутаг дэвсгэр дэх карьеруудын нөхцөл байдалтай танилцан, нэмж 2 хяналтын пост ажиллуулахаар болов.


Тус дүүргийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтийг хориглох тухай” А/120 дугаар захирамжаар Төв аймгийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын хайрга, дайргыг тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинуудыг дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг хориглож, карьерын үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарласан.


Үүний дагуу дүүргийн Засаг дарга уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын албан хаагчид байнгын хяналт тавин ажилладаг ч хайрга, дайрга тээвэрлэсэн автомашинууд шөнийн цагаар зөрчил гаргасаар байгаа юм.


Иймд Засаг даргын захирамжийн дагуу байнгын хяналт тавьж, журамлан саатуулах хашаатай болох, мөн нэмж 2 хяналтын пост байрлуулахаар шийдвэрлэв.



Мөн дүүргийн 13 дугаар хороонд шинээр баригдсан 26 дугаар сургуулийн спорт заал, хөлбөмбөгийн талбай, 3,4 дүгээр байрны засвар шинэчлэлийн ажлын явцтай энэ танилцсан байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1800 метр квадрат талбайд орчин үеийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 26 дугаар сургуулийн шинэ спорт заал бүрэн ашиглалтад орж, засварын ажил хэвийн үргэлжилж байгаа аж.



Холбоотой мэдээ