Уитни Хьюстоны тухай баримтат кино хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-05-02 17:32:38

НЬЮ-ЙОРК. /BBC/. Алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралын түүх, уран бүтээлийн талаар өгүүлэх баримтат киног Оскарын шагналт Их Британийн найруулагч Кевин Макдональд  бүтээх гэж байна.

Энэ нь 2012 онд 48 насандаа зуурдаар нас барсан алдарт дуучны талаарх анхны баримтат кино болох юм.

Энэ кинонд Хьюстонтой ойр дотно хамтран ажиллаж байсан олон хүмүүс оролцохоор болсны нэг нь "Ариста Рекордс" дуу бичлэгийн компанийг үүсгэн байгуулагч Клайв Дэвис ажээ.

Тэрбээр Уитни Хьюстоны урлагийн замнал болон хувийн амьдралын ээдрээтэй түүхийг өгүүлэн ярилцлага өгсөн байна.

Уитни Хьюстон гайхалтай уран бүтээлч байсныг болон поп хөгжмийг өөрийн өвөрмөц хоолойгоороо хэрхэн өөрчилсөн тухай гайхалтай түүхийг нээн харуулахыг хүсч байгаа гэдгээ найруулагч Кевин Макдональд илэрхийлжээ.  

Уитни Хьюстон бол бүх цаг үеийн хамгийн гайхалтай хоолойтой дуучин юм. Тэрбээр 2 удаагийн Эммигийн шагнал, 6 удаагийн Грэммийн шагналаас гадна “American Music Awards”-аас 20 гаруй шагнал хүртсэн билээ.

 Макдональдын хийх гэж буй баримтат киноны нээлт 2017 онд Их Британид болох ажээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ