Шүүхийн багц хуулийг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-16 18:58:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ. 


Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс урьд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг 2 жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгасан.


Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгчээ.


Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 4 жил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар заажээ. Мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар нэмж зохицуулж байгаа аж. Шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг багасгахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.


Мөн хуулийн төсөлд шүүгчид хүлзэлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессыг тодорхой болгож, шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөх, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасаа өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн ажил эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой ажлыг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан болохыг тэрбээр нэмж тодотголоо.


Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болж, улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрх улам баталгаажна хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа аж.


Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.


Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Батнасан, Х.Нямбаатар, Д.Тэрбишдагва нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд гишүүдийн 68.4 хувийн саналаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ