Архив, албан хэрэг хөтлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар санал, дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй хадгалах үйлчилгээний талаарх зохицуулалтыг тусгах, үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулах, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг цахим мэдээллийн санд оруулах зэрэг зохицуулалттай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг хангах, төслийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн төслийн зарим нэр томьёог холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Архивын үйл ажиллагаа, санг цахимжуулахтай холбоотой гишүүдийн асуултад Архивын ерөнхий газрын даргаар С.Энхбаатар хариулт өгсөн. Архивын санд 1600 оноос хойш түүхэн дөрвөн үед хамаарах 3.8 сая архивын нэгж хадгалагдаж байгаа юм байна. Архивын баримтуудыг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор нийт баримтын 30 орчим хувийг цахимжуулаад байгаа гэв. Хэлэлцэж буй төсөлд ч архивын үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой зохицуулалтууд туссан байна. Энэ хуулийн төслөөр архивын үйл ажиллагаанаас гадна албан хэрэг хөтлөх үйл ажиллагааг хуульчилж байгаагаараа онцлогтой гэдгийг Ц.Нямдорж сайд хэлсэн. Мөн өнөө цаг үеийн талаарх аудио архив бүрдүүлэх ажил эхэлсэн гэдгийг тэрбээр энэ үеэр мэдээллээ.
Ингээд ажлын хэсгээс бэлтгэж, Байнгын хороо дэмжсэн саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулаад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.