Дэлхий дахинд 1,5 тэрбум сурагч сургуульдаа яваагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-19 13:44:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн 213 улс, бүс нутагт тархаж, 2 сая 330 шахам мянган хүн өвчлөөд байгаа шинэ коронавирусний халдварын улмаас дэлхий даяар 1,5 тэрбум сурагч хичээлдээ явахгүй байгаа талаар өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хурлаар мэдээллээ.


Энэ үеэр ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар Дэлхийн 213 улс, бүс нутагт 2 сая 328 мянга гаруй хүн өвчилж, 596 мянган хүн эдгэрч, 160 мянга 775 хүн нас барж, 1,5 сая гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д халдварын тархалт нэлээд эрчтэй байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 1785 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөгчдийн тоо 36 мянга боллоо. Нас барсан 113 тохиолдол байна. Москвад тархалт өндөр байгаа бөгөөд 24 цагт 2400 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс 50 гаруй хувь нь 49 хүртэлх насны залуус байгаа учраас Москва хотын захиргаанаас хөл хорионы дэглэмийг чангатгаж дөрөвдүгээр сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй метронд суухгүй, авто машины зөвшөөрлийг камераар хянахаар болов. Эрхүү мужид 57, Буриадад 115 тохиолдол бүртгэгдсэн. Эрхүүгийн эмнэлэгт 15 хүртэлх насны 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас хамгийн бага нь долоон сартай хүүхэд байгаа бөгөөд бага насны хүүхэд өвдсөн дэлхийд дөрөв дэх тохиолдол аж. Бага насны хүүхэд өвчлөөд байгааг ОХУ-ын эрдэмтэд дүгнэхдээ гадуур цаг агаар дулаарснаас эцэг эхчүүд бага насны хүүхдийг дагуулан гадуур явж, халдвар авч байна. Мөн өвчлөлийн 50 хувь нь шинж тэмдэггүй балархай байна гэж үзжээ. ОХУ-д шинэ эмчилгээ нэвтрүүлсэн нь өвчилсөн хүний цуснаас плазмыг ялгаж, гурван хүнд өвчтөнд эмчилгээ хийжээ. Энэ бол маш үр дүнтэй байсан аж. Иймд эмчлэгдээд гарсан хүмүүсийг сайн дураараа цусаа өгөхийг эмч нар уриалсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр зарлиг гаргаж визний хугацаа дуусч байгаа гадаадын иргэдийн визийг зургадугаар сарын 15 хүртэл сунгана гэсэн шийдвэрийг гаргажээ. ОХУ-ын бүх мужид өвчлөл гарсан бөгөөд Увс, Баян-Өлгий аймаг ОХУ-тай хил залгаа. Иймд иргэд сэрэмжтэй байхыг сануулж байна. Манай улсад ажиглалтад 1227 хүн байна. Өчигдрийн хувьд ажиглалтаас 226 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Нийт ажиглалтын байранд дөрвөн их эмч, 27 резидент эмч байгаа” гэв.


ЭМЯ-ны Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Янжмаа: Япон улсад халдварын тохиолдол 10 мянга 400-д хүрсэн. Халдварын тархалтаар Токио, Осака хот тэргүүлж байгаа бол нас баралтын тоо 712-д хүрчээ. АНУ-ын Нью-Йорк мужид өнгөрсөн 24 цагт нас баралт 540, нийт нас барсан хүний тоо 13 мянгыг давжээ. Нийт 17 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өдөртөө 2000 орчим хүн эмнэлэгт хэвтэж байна. Нидерланд, Бельги улсад халдвар нэмэгдсээр байгаа бол Их Британид эмнэлэгт нас барсан хүний тоо 15 мянгыг давлаа. Өнгөрсөн нэг хоногт 880 хүн нас баржээ. Одоогийн байдлаар  Их Британид 357 мянган хүнийг шинжилгээнд хамруулснаас 114 мянган хүнд халдварын тохиолдол илэрсэн байна. Турк улсад өнгөрсөн 24 цагт 3783 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 82399 болж, халдварын тохиолдлоор Турк улс Иран улсын өмнө орсон байна. Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийд хөл хорионы хугацааг сунгаж байна. Тухайлбал, Алжир, Узбек, Хорват улс хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Дэлхийн олон улсад боловсролын байгууллагын сургалтыг зогсоосон бөгөөд нийт 1,5 тэрбум сурагч уг арга хэмжээнд  хамрагдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ