Тайландын Ерөнхий сайд Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг өндрөөр үнэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-20 17:01:45
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан энэ сарын 17-нд Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-д бараалхжээ.


Уулзалтын үеэр Ерөнхий сайд Прают Чан-о-ча Элчин сайд Т.Төгсбилгүүнийг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд түүнийг Тайланд Улсад 4 жил ажиллахдаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглээд 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, Монгол Улсад айлчилснаа халуун дотноор дурсан ярьжээ.


Түүнчлэн "COVID-19" халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлж, тогтоон барих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээний үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд, нөхцөл байдал тогтворжсоны дараа хоёр улсын нийслэлийн хоорондох шууд нислэг сэргэж иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн  өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Элчин сайд Т.Төгсбилгүүн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь Тайландын Хаант Улсын Засгийн газраас туслан дэмжиж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааны өнөөдрийн байдлын талаар товч танилцуулсан байна. Тухайлбал, хоёр тал Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулснаас гадна Улаанбаатар, Бангкок хотууд ах дүүгийн харилцаатай хотууд болсныг онцолжээ.


Мөн Ерөнхий сайд Прают Чан-о-чагийн удирдлага дор Тайландын Хаант Улсын Засгийн газраас цар тахлыг тогтоон барих чиглэлээр авч буй оновчтой, шуурхай арга хэмжээний үр дүнд сүүлийн өдрүүдэд өвчлөл тогтворжиж буурах хандлагатай болж байгааг тэмдэглээд хоёр улс цар тахлыг ойрын хугацаанд тогтоон барьж, ялах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ