Ирвэсний нутгаас түүсэн хавх урлан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-24 13:02:32

Ирвэсийн судалгааны явцад баруун, зүүн, урд хөл нь тасарсан, хавх чирсэн ирвэс Жаргалант хайрхан ууланд олонтаа таарснаас үүдэн 2015 онд Чандмань, Манхан сумын “ЭКО” клубын сурагчид “Хавх буулгаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг санаачлан өрнүүлсэн байна.

Аяны явцад иргэдээс 234 хавхны эд анги цуглуулан, хавхны төмрөөр бичил цэцэрлэгийг урлажээ. Үүнийг хүүхэд, залуучууд үзэж ан амьтан, байгаль, дэлхийгээ хайрлан хамгаалж байх талаар сануулсан утга агуулгатай юм байна.
Ан амьтан агнадаг хавхыг түүж төмрөөр нь урлан хийх ажлыг Ховд аймгийн Залуу уран бүтээлчдийн холбооны гишүүн, уран зураач Б.Аюурзана  гүйцэтгэжээ.
Хавхаар хийсэн энэ урлан ан амьтан байгаль дэлхийгээ хайрлах үзлийг хойч үед өвлүүлэх танин мэдүүлэх зорилготой. Энэхүү урлан Монгол Улсын газрын зураг дээр  ирвэсний нутаг Ховд аймгийн Жаргалант хайрхан уулыг дүрслэн дээр нь дэлхийн бөмбөрцөг байрлуулж, төрөл бүрийн ан амьтныг дүрсэлжээ.
Ховд аймагт үндэсний өвөрмөц утга агуулгатай олон бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж хотын өнгө үзэмжийг чимж байгаа юм. Харин дэлхийн улаан номд орж ховордсон ирвэс хамгаалах санааг илэрхийлсэн өвөрмөц нэгэн урлан анхдагч болж байгаа нь онцлогтой байлаа.

А.Бямбасүрэн 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд