ОХУ-д суралцдаг оюутнууд Буриадын БНУ-д хандив өргөх аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын төр засгийн дэмжлэгээр эх орондоо ирсэн оюутнууд буриад ахан дүүсдээ туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргажээ.
ОХУ-д суралцдаг 126 монгол оюутан 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Москва хотоос Улаан-Үд хот хүртэл онгоцоор, Улаан-Үдээс 4 автобусаар ая тухтай Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм.
Өнөөдрийн байдлаар Буриадад коронавирусний халдварын 163 тохиолдол бүртгэгдээд байна. Иймд амны хаалт, гар ариутгагч хандивлах аяныг дээр дурдсан оюутнууд, ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо /МАВСУЗ/-той хамтран санаачилж Олон улсын орос хэл, утга зохиолын багш нарын салбар Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо /МонМАПРЯЛ/, ЗХУ/ОХУ-д төгсөгчдийн хөгжлийн холбоо дэмжин зохион байгуулж байгаа аж.
Өнөөдөр /2020.04.22/ 11
цагаас ОХУ-ын Буриадын БНУ-д туслах "Улаанбаатар-Улан Удэ" цахим
уулзалт болжээ.