АХБ-ны санхүүжилтээр 415 амьсгалын аппарат худалдан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-23 11:22:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон баталлаа. 


Тус хөтөлбөр нь шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилготой. Монгол Улсын Засгийн газраас зохих эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авахад улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилсэн хэдий ч шинэ коронавируст (COVID-19) халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, нэн ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гадны нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай байгаа юм байна. Түүнчлэн COVID-19 цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа юм.


Иймд Азийн хөгжлийн банкны 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр, дээрх хөтөлбөрийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай худалдан авч, нөөцлөх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 1 хувь байна. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү болохыг хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Азийн хөгжлийн банкны хэлэлцээрийн хүрээнд хэдэн амьсгалын аппарат, хамгаалах хувцас худалдан авах, түүний үнэ ханшийн талаар тодруулав.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Тус зээлийн хүрээнд 200-250 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг эхний ээлжинд авна. Хүү нь лайбер дээр нэмэх нь 0.5 хувь юм. Харин хоёр дахь хэсэг нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг  яаралтай худалдан авахад зориулсан 30 сая ам.доллар бөгөөд хүү нь нэг хувь, 40 жилийн хугацаатай. Эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Гуравдах хэсэг нь эрчим хүчний балансыг хангахад чиглэсэн 100 сая ам.долларын зээл байгаа юм хэмээв. 


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн салбар нэгдүгээр сарын 3-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буйг дурдаад, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас санаачилгатай шуурхай ажиллаж зохих арга хэмжээг авсан гэлээ. АХБ, Дэлхийн банкны санхүүжилтээр, 70 гаруй амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжийг худалдан авсан гэдгийг тэмдэглэв. Харин дээрх зээлийн хүрээнд дахин 415 амьсгалын аппарат бүхий 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна хэмээлээ. 


Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг гишүүдийн олонх дэмжлээ.


Түүнчлэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа.

Холбоотой мэдээ