“Starlink” төслийн бичил хиймэл дагуулуудыг хөөргөжээ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2020-04-23 11:55:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани дэлхий орчмын хиймэл дагуулын “Starlink” системийнхээ 60 бичил хиймэл дагуулыг “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөлөө. Энэ нь уг системийн долоо дахь бүлэг аппарат юм.


Хэрэглэгчдийг өндөр хурдтай интернэтээр хангах зориулалттай хиймэл дагуулуудыг хөөргөснөөс 15 минутын дараа тойрог замд оруулсан бөгөөд хэд хэдэн удаа шалгасны дараа гаднах хөдөлгүүрийн тусламжтайгаар 550 км-ийн өндөрт гарах аж . Хиймэл дагуулуудыг лхагва гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 15 цаг 30 минутад Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ.


“Starlink” нь 500 кг хүртэл жинтэй бичил хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд олноор нь байрлуулах замаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийг “5G” стандартад нийцсэн, секундэд 1 гигабитийн хурдтай интернэтээр хангах зорилготой төсөл юм.


“SpaceX” компани эхний ээлжинд АНУ-ын өмнөд нутгийн оршин суугчдыг 2020 оны эцэс гэхэд өндөр хурдтай интернэтээр хангахаар төлөвлөжээ. Компанийн шинжээчдийн тооцоолсноор, тойрог замд нийтдээ 11 мянган хиймэл дагуул байрлуулж, ашиглалтад оруулахад 10 тэрбум ам.доллар шаардлагатай байна. “Starlink”-ийн эхний 60 хиймэл дагуулыг 2019 оны тавдугаар сард, харин 11 дүгээр сард хоёр дахь бүлэг аппаратыг хөөргөсөн бол энэ оны нэг, хоёрдугаар сард дөрөв болон тав дахь, гуравдугаар сард зургаа дахь бүлэг аппаратыг хөөргөжээ.


 


Холбоотой мэдээ