Аргентинд есдүгээр сар хүртэл бүх нислэгийг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-28 10:13:00

БУЭНОС-АЙРЕС. /BBC/. Аргентинд коронавирусний халдварын улмаас ирэх есдүгээр сарын 1 хүртэл дотоодын болон олон улсын арилжааны бүх нислэгийг хориглосон байна.


Эрх баригчдын мэдээлснээр, агаарын тээврийн компаниудыг ирэх дөрвөн сарын турш тасалбар худалдаалахыг хориглох ажээ. Үүний улмаас олон мянган хүн ажилгүй болж болзошгүй гэж нисэхийн компаниуд мэдэгджээ.


Аргентин өнгөрсөн гуравдугаар сараас гадаадын иргэдэд хилээ хааж, хөл хорионы хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Аргентинд 4000 орчим хүн халдвар авч, 192 хүн нас барсан байна.


Аргентины Засгийн газар юу гэж мэдэгдсэн бэ?

Иргэний нисэхийн удирдах газар арилжааны нислэгийн тасалбар худалдаалахыг хориглосон тогтоолыг даваа гарагт гаргажээ. Үүнд есдүгээр сарын 1-нийг “боломжит” хугацаа хэмээн тэмдэглэжээ.


"Агаарын тээврийн компаниудыг Аргентины эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр нислэгийн тасалбар худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тогтоолыг гаргалаа" гэж Иргэний нисэхийн удирдах газар мэдээлсэн байна.


Энэхүү шийдвэрийг хэрхэн хүлээн авав?

“Уг шийдвэр хоёр талын хэлэлцээрүүдийг зөрчиж, 300 мянга гаруй ажлын байрыг эрсдэлд орууллаа” гэж “Iata” олон улсын нисэхийн агентлагаас Аргентины Засгийн газарт илгээсэн захидалд тэмдэглэжээ.


Мөн “Alta” групп уг тогтоолын талаар нисэхийн салбарынхантай тохиролцоогүй гэж мэдэгджээ. Өмнөд Америкийн олон оронд арилжааны нислэгийг түр хугацаагаар зогсоогоод байгаа боловч Аргентин шиг урт хугацаагаар зогсоогоогүй юм. 

Холбоотой мэдээ