Цэргийн төв эмнэлэгт 100 ширхэг хамгаалах хувцас хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-29 16:30:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сити Баз Консалтинг” компаниас Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагчдад  нэг удаагийн хэрэглээний 100 ширхэг хамгаалах хувцас хандивлав.


Тус байгууллага нь нийслэлийн Тээврийн үйлчилгээний газартай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавьж ажилладаг.


“Сити Баз Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан: “Манай компанийн 200 гаруй ажилтан олон нийтийн эрүүл мэндийн төлөө эрсдэлтэй нөхцөлд, цаг завгүй ажиллаж байгаа Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагч нарт чухал хэрэгцээтэй хамгаалах хувцас хэрэглэл хандивлах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Бид энэ хамтын ажиллагааг улам өргөжүүлж монголчууд цар тахлын халдварыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Цэргийн төв эмнэлгийн Штабын дарга, хурандаа Н.Ганболд: “УОК-ын шийдвэр, хуваарилалтын дагуу манай эмнэлэг тусгай үүргийн онгоцоор ирсэн 320 гаруй иргэнийг /жирэмсэн эх, эмэгтэйчүүд, хүүхэд/ тусгаарлалт, ажиглалт, хяналтад авч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдээс олон төрлийн хандив тусламж үзүүлж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг “Сити Баз Консалтинг” ХХК-иас бидэнд зайлшгүй хэрэгцээт, эрэлттэй байгаа хамгаалах хувцас хэрэглэлийг хандивлаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо” хэмээн онцлов.

Холбоотой мэдээ